Баянзүрх дүүргийн нийгмийн ажилтан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл болон ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйч нарт зориулсан сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Нидерланд Улсын нийгмийн эрүүл мэндийн салбарын Ph.D. Питер Ли Юбрехт, Йохан Велема нар удирдан явуулж, “Хөгжлийн бэрхшээлийн төрөл, ангилал, түүний сэргээн засал” сэдвийн хүрээнд олон улсын туршлага, арга зүйд тулгуурлан мэдлэг, мэдээлэл хүргэлээ.

Сургалтын үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчидтай хэрхэн үр дүнтэй ажиллах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог хэрэгцээг ойлгож, тэдэнтэй зөв, хүндэтгэлтэй харилцах, нийгмийн оролцоог нь дэмжих зэрэг чухал асуудлуудыг хөндөн ярилцаж, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн практик мэдээлэл өглөө.

Энэхүү сургалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэн төвтэй, тэгш хүртээмжтэй үйлчилгээг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
ХҮН БҮРТ ТЭГШ БОЛОМЖ, ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДЛАГА, ХҮРТЭЭМЖТЭЙ НИЙГМИЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ






