Боловсролын яам, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-тэй хамтран хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт II” төслийн Удирдах хорооны ээлжит хурал болж, төслийн 2026 оны хэрэгжилт, хүрсэн үр дүн, цаашдын зорилтыг хэлэлцлээ.
ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам болон Австралийн Засгийн газрын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжиж буй энэхүү төсөл нь техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын шинэчлэлийг дэмжих, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадвартай хүний нөөц бэлтгэхэд чиглэж байна.
Төслийн хүрээнд гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн механизмыг нэвтрүүлэх, хосмог сургалтыг өргөжүүлэх, оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэх, жендерийн мэдрэмжтэй сургалтын орчныг төлөвшүүлэх, сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх чиглэлээр тодорхой үр дүн гарчээ.
Хурлын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир хосмог сургалтын тогтолцоог зөвхөн сэргээгдэх эрчим хүчний бус хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт өргөжүүлж буйг онцолж, ажил олгогчид, мэргэжлийн боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх, сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн чадавхыг сайжруулахад анхаарах шаардлагатайг тэмдэглэлээ.
Хосмог сургалтыг 2024-2025 оны хичээлийн жилээс дөрвөн политехник коллежид гурван компанийн 147 ажилтныг хамруулан туршин хэрэгжүүлж эхэлсэн бол 2025-2026 оны хичээлийн жилд 60 гаруй аж ахуйн нэгжийн захиалгаар 1140 ажилтан, суралцагч хамрагдсан байна. Харин 2026-2027 оны хичээлийн жилд 1875 суралцагчийг шинээр хамруулж байгаа нь сургалтын байгууллага, ажил олгогчдын түншлэл бодит үр дүнд хүрч эхэлснийг харуулж байна.
Удирдах хорооны хуралд Австралийн Элчин сайдын яам, ХБНГУ-ын Элчин сайдын яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон төсөл хэрэгжүүлэгч талуудын төлөөлөл оролцож, техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.






