УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.11.20/-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтыг соёрхон баталлаа. Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих, гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх хээрийн хөдөлгөөнт эмнэлэг, Эрдэнэт хотын хатуу хог боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах, орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх төслүүдийг энэхүү хэлэлцээрийн санхүүжилтээр хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 50.0 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээлийн 71 хувийг зарцуулж, 14.5 сая еврогийн зээл ашиглах үлдэгдэлтэй байгаа бөгөөд төсөл хөтөлбөрийн гурав нь хэрэгжиж дууссан, үлдсэн хоёр нь 90-98 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ.
Мөн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг 80,5 хувиар баталж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Түндэвийн Жамбаажамцыг өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг гишүүдийн олонх дэмжсэн тул үүрэгт ажлаас чөлөөлөх УИХ-ын тогтоол батлагдлаа.
Үргэлжлүүлэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэлсэн юм. Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах, гадаад валютын улсын нөөцийн хүрэлцээ, аюулгүй байдлыг хангах, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлэн уян хатан тогтох зарчмыг баримтлах, зээлийн мэдээллийн тогтолцоог сайжруулах, олон улсын сайн жишигт нийцсэн төлбөрийн шинэ технологи, стандарт нэвтрүүлэх зэрэг асуудлуудыг тусгажээ.
УИХ-ын гишүүд төсвийн шинжтэй арга хэмжээг төв банкнаас санхүүжүүлэхгүй байх, ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлэх, ногоон зээлийг нэмэгдүүлэх, төсвийн бодлогыг мөнгөний бодлоготой уялдуулахад хэрхэн анхаарах талаар асуулт асууж, саналаа хэллээ.
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.






