Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга, төлөөлөгч Б.Ану-Үжин, төлөөлөгч Д.Отгонсүрэн, Нийслэлийн ерөнхий архитектор Б.Батцолмон, НОБГ-ын дэд дарга Д.Хадбаатар, НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Ж.Хүдэрчулуун болон холбогдох албаныхан “Улаанбаатар хотын барилга байгууламжийн судалгаа, шинжилгээний газар” ОНӨААТҮГ-т ажиллалаа.

Тус байгууллага нь 2025 онд байгуулагдсан бөгөөд барилга байгууламжийн чанар, техникийн болон аюулгүй байдалд хяналт тавих, судалгаа, шинжилгээ хийх чиг үүрэгтэй ажиллаж байна.
Уулзалтын үеэр “Улаанбаатар хотын барилга байгууламжийн судалгаа, шинжилгээний газар” ОНӨААТҮГ-ын захирал Э.Одонтуяа байгууллагын үйл ажиллагаа, цаашдын зорилт, лабораторийн хүчин чадлыг танилцууллаа. Тус газар нь барилгын салбарын хууль тогтоомж, норм, стандартын хэрэгжилтийг хангах хүрээнд техникийн хяналт, оношилгоо, шинжилгээ хийхээс гадна барилгын материалын судалгаа явуулж, мэргэжлийн боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа юм.

Одоогоор лабораторийн болон үл эвдэх сорилын аргаар нийт 10 төрлийн шинжилгээ хийдэг. Ингэснээр нийслэлийн төсөв болон гадаад, дотоодын санхүүжилтээр хэрэгжиж буй барилга байгууламжийн төслүүдэд захиалагчийн хяналт тавих, норм, нормативын баримт бичиг боловсруулах, зураг төсөлд магадлал хийх зэрэг үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэх боломж бүрдсэн байна.
Танилцуулгын үеэр, Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Б.Ану-Үжин, нийслэлийн нийт барилга байгууламжийн 60 гаруй хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй, галын аюулд өртөх эрсдэл өндрийг дурдаад, ийм нөхцөлд мэргэжлийн судалгаа, шинжилгээний байгууллага ажиллаж байгаа нь цаг үеэ олсон шийдвэр болсныг онцоллоо.

Мөн Нийслэлийн ерөнхий архитектор Б.Батцолмон, нийслэл өөрийн судалгаа, шинжилгээний байгууллагатай болсноор хот байгуулалт, барилга байгууламжийн норм, стандартын хэрэгжилтийг бодитой үнэлэх, барилгын чанар, найдвартай байдалд шинжлэх ухааны үндэслэлтэй хяналт тавих нөхцөл бүрдэж байгаа гэв.

Төлөөлөгч Д.Отгонсүрэн, Улаанбаатар хотын барилгажилт эрчимжиж буй энэ үед барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд судалгаа, шинжилгээнд суурилсан үйл ажиллагаа чухал гэдгийг онцлов.







