Эзэн Чингис хаан Их Монгол Улсыг байгуулсны 820 жилийн ойг тохиолдуулан “Их Монгол Улс 820 ба Монголын нууц товчоон судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэнг 2026 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн тус хуралд оролцож, эрдэмтэн, судлаачид болон нийт оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Монголын нууц товчоо”-нд хадгалагдсан хэлний баялаг, түүхэн мэдлэг, төрийн сэтгэлгээ, уран өгүүлэмжийг шинжлэх ухаан, технологи, инновацтай холбон хөгжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглээд үндэсний түүх, соёлын өвд тулгуурласан бүтээлч үйлдвэрлэл, мэдлэгийн эдийн засаг, инновац, аялал жуулчлалыг эдийн засгийн бодлоготой уялдуулан хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Хуралд зургаан орны 30 эрдэмтэн оролцож, “Монголын нууц товчоо”-ны судалгааны шинэ үр дүнг танилцуулж байна. Үндсэн илтгэлүүдээр Төвөдийн номын сангаас олдсон “Монголын нууц товчоо”-г “Лу. Алтан товч”-той харьцуулсан судалгаа, “Монголын нууц товчоо”-нд Өгэдэй хааны тухай хэрхэн өгүүлсэн зэрэг сэдвийг хэлэлцүүллээ. Салбар хуралдаанууд түүх, угсаатан судлал, хэл шинжлэл, уран зохиолын чиглэлээр үргэлжилж байна.
Хурлын үеэр Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор Э.Пүрэвжав агсны “Монголын нууц товчоо”-ны цуглуулгын дээжийг түүний охин П.Соёлмаа үзэсгэлэнд дэлгэлээ.
Хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Монголын нууц товчоо судлалын олон улсын академи хамтран зохион байгуулж байна.






