Нүүр хуудасМэдээУИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг зургаадугаар сарын 24-ний өдөр явуулна

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг зургаадугаар сарын 24-ний өдөр явуулна

Хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталлаа

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.01.30) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 04 дүгээр тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнээр ахлуулан бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Х.Нямбаатар, Ц.Цогзолмаа, Я.Санжмятав нар болон холбогдох бусад албан тушаалтнууд орж ажиллажээ.

Тус Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нэгдсэн хуралдаанд танилцуулав. Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ  чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны  хэлэлцүүлгийг хийх явцад олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг боловсруулсны зэрэгцээ хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу холбогдох саналын томьёолол бэлтгэжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй тул хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 56.1 хувийн саналаар хуулийн төслийг бүхэлд нь батлав. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг бүхэлд нь баталлаа. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай болон Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаахаар тогтов.

Дараа нь Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулав. Мөн уг асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд конвенцыг соёрхон батлахыг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулсан юм.

Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь 1919 онд үүсгэн байгуулагдсан, Швейцарын Холбооны Улсын Женев хотноо байрладаг бөгөөд одоогоор 187 гишүүн улстай. Тус байгууллагын Ерөнхий бага хурлаас 1988 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 167 дугаар конвенцыг баталжээ. Монгол Улс уг конвенцыг соёрхон баталснаар манай улсын барилгын салбарт ажиллаж буй 107 мянган инженер техникийн ажилтан, ажиллагсад  конвенцын үр шимийг хүртэж, хөдөлмөрлөх эрх нь бүрэн хангагдаж, хөдөлмөрийн нөхцөл сайжирч, хөдөлмөрийн стандартыг нэг мөр хэрэглэх, хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгааг сайд илтгэлдээ дурдлаа.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил нар салбарны сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Үргэлжлүүлэн Засгийн газраас энэ сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төслийг чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 28-ны хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед гишүүдээс гаргасан саналын дагуу тус албаны чиг үүрэг, зохион байгуулалттай холбогдуулан Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтжээ. Мөн тогтоолын төслийн талаар Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй учир төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Б.Баттөмөр, Г.Тэмүүлэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Ингээд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.1 хувь нь тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Байнгын хорооны горимын саналыг дэмжсэн бөгөөд гишүүдийн 70 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдав.

Уг тогтоолын төсөлд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны бүтцэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Үндэсний геологийн албыг шинээр байгуулахаар тусгасан. Үндэсний геологийн албаны бүтцэд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэс, Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв, Геологийн судалгааны төв /ТӨҮГ/, Геологийн төв лаборатори /ТӨҮГ/ нэгж хэлбэрээр орох бөгөөд эдгээр нэгжүүд нь геологийн судалгаа явуулах, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, хадгалах зэрэг нэгдсэн удирдлагад цогц байдлаар ажиллах юм байна.

Улсын Их Хурлын ээлжит сонгуультай холбоотой тогтоолын төслүүд батлагдлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуультай холбоотойгоор боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж шийдвэрлэв. Тогтоолын төслүүдийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм. Байнгын хороо энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслүүдийг хэлэлцэн дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулахаар тогтсон байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд Улсын Их Хурал ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно; ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна; ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна гэж тус тус заасан. Энэ үндсэн дээр боловсруулсан “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэхээр товлон зарлах, Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах авах өдрийг 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байхаар тогтоохоор тусгажээ.

Тогтоолын төсөл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Лүндээжанцан нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувийн саналаар тогтоолын төслийг батлав.

Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.9 хувийн саналаар баталлаа. Уг тогтоолын төсөлд Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг хэрэглэхийг зөвшөөрөхөөр тусгасан байна.

Үргэлжлүүлэн “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд Улсын Их Хурлын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгох, Улсын Их Хурал ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө сонгуулийн тойргийг байгуулахаар заасан. Түүнчлэн сонгуулийн тойргийг байгуулахдаа аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно; тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл, хилийн цэсийн хувьд зэргэлдээ байна; аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоо нь тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймаг, нийслэлийн дүүрэгтэй нэг тойрог болгон нэгтгэж болно гэж заасан.

Энэ зарчмыг үндэслэн боловсруулсан дээрх тогтоолын төсөлд Монгол Улсын аймгийг 20, нийслэлийг 9 тойрог болгож, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 29 тойрог байгуулахаар тусгажээ. Ингэхдээ Дундговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн сонгуулийн 6 дугаар тойрог, нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүргийг нэгтгэн сонгуулийн 21 дүгээр тойрог, Баянзүрх дүүргийн 4, 5, 6, 8, 13, 14, 15, 16, 18, 25, 26 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 22 дугаар тойрог, мөн дүүргийн 1, 2, 3, 7, 9, 10, 11, 12, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 23 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 20, 22, 24, 26, 32, 33, 34, 35, 36, 37, 41 дүгээр хороог нэгтгэн сонгуулийн 27 дугаар тойрог, мөн дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 28 дугаар тойргийг тус тус байгуулахаар тусгажээ. Харин бусад аймаг болон нийслэлийн бусад дүүргүүд тус бүрдээ сонгуулийн нэг нэг тойрог байхаар зохицуулсан байна.

Улсын Их Хурлын сонгуулийн тойрогт ногдох мандатын тооны хувьд Булган, Говь-Алтай, Дундговь-Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар аймаг тус бүр 2 мандаттай, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг тус бүр 3 мандаттай байхаар тусгажээ. Нийслэлийн дүүргүүдийн тухайд Багахангай-Багануур-Налайх дүүргийн сонгуулийн 21 дүгээр тойрог 2 мандаттай, Сүхбаатар (сонгуулийн 24 дүгээр тойрог), Чингэлтэй (сонгуулийн 25), Баянгол (сонгуулийн 26 дугаар тойрог), Хан-Уул дүүрэг (сонгуулийн 29 дүгээр тойрог)-үүд тус бүр 3 мандаттай байх бол Баянзүрх дүүрэг 5 мандат (сонгуулийн 22 дугаар тойрог 2, сонгуулийн 23 дугаар тойрог 3 мандаттай)-тай, Сонгинохайрхан дүүрэг 5 мандат (сонгуулийн 27 дугаар тойрог 2, сонгуулийн 28 дугаар тойрог 3 мандаттай)-тай байхаар тусгасан байна.

Тогтоолын төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, С.Эрдэнэ нар асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 65.1 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН