“Форбес” сэтгүүлийн сэтгүүлч, аялагч Бреанна Уилсон манай улсад хийсэн аяллынхаа тэмдэглэлээр Монгол Улс “COVID-19”-ийн эсрэг хэрхэн үр дүнтэй тэмцэж байгааг харуулж, АНУ тэргүүтэй өндөр хөгжилтэй орнууд эдгээр туршлагаас суралцах хэрэгтэй гэдгийг нийтлэлээрээ онцолжээ. Түүний нийтлэлийг эмхтгэн хүргэж байна.
БНХАУ-тай хил залгаа буюу “COVID-19”-ийн халдвар хамгийн хурдан тархах эрсдэлтэй Монгол Улсад өнөөдөр вирусийн халдвар авсан дөрөвхөн /өчигдөр нэгээр нэмэгдэж 5/ тохиолдол бүртгэгдээд байгаагийн нууц юу вэ. Хариулт нь, ердөө л тэд шуурхай арга хэмжээ авч, хэрэгжүүлсэнтэй шууд холбоотой.
Монгол Улсад өнгөрөгч долоо хоногт буюу гуравдугаар сарын 9-нд “COVID-19”-ийн халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ нь франц улсын иргэн байв. Тус улсад хөдөлмөр эрхэлдэг францы иргэн нь гуравдугаар сарын 2-нд “Аэрофлот”-ын онгоцоор Францаас Москвагаар дамжин Улаанбаатарт ирсэн бөгөөд үүнээс тав хоногийн дараа түүнд шинж тэмдэг илэрч, БНХАУ-ын ӨМӨЗО-той хил залгаа Дорноговь аймагт шинжилгээнд хамрагдаж, коронавирусийн халдвар авсан нь батлагдсан. Тэрээр одоогоор нийслэл Улаанбаатар хот дахь Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарлагдан эмчлүүлж байна. Францын иргэн Монголд эмчилгээ хийлгэхээр шийдсэн ба эрүүл мэндийн байдал нь тогтвортой, сайн байгаа аж.
Төрийн мэдлийн “МОНЦАМЭ” агентлагийн мэдээлснээр халдварын анхны тохиолдолтой ойрын хавьталд байсан 207 иргэний шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан бөгөөд франц иргэнтэй нэгдүгээр зэргийн хавьталд орсон хоёр иргэн Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийг үл харгалзан Дорноговь аймгийг нутаг дэвсгэрийг орхин явжээ. Хоёр иргэнд энэхүү үйлдэлтэй нь холбоотойгоор хуулийн хариуцлага тооцохоо Улсын Онцгой комиссын зүгээс мэдэгдсэн. Онцгой комиссоос хийсэн уг мэдэгдлээс Монголын төр үүссэн нөхцөл байдлыг хэр зэрэг нухацтай хүлээн авч байгааг шууд харж болохоор. Маш нухацтай.
Гэсэн ч энэ мэдэгдэл хэтэрхий оройтсон байв. Учир нь франц иргэн халдвар авсан байх хугацаандаа аль хэдийн тус улсад олон газраар зорчсон нь тодорхой болж, тэр хэрээр иргэдийн зүгээс эх оронд нь халдвар тээн ирсэн иргэнтэй холбоотой сөрөг мэдээлэл сошиал орчинд хурцадмал байдал үүсгэсэн юм. Харин одоо бол хурцадмал байдал намжиж Монголын иргэд түүнд анхны бөгөөд эцсийн халдвар авсан хүн байхыг бэлгэдэн “Анх-Отгон” гэх нэр-хоч хүртэл өгчээ.
Харамсалтай нь, тэр сүүлийн халдвар авсан хүн байсангүй. Монгол Улсын Засгийн газар Өмнөд Солонгос, Европын оронд сурч, хөдөлмөрлөж байгаа иргэдээ авчрахаар тусгай үүргийн онгоц нисгэлээ. Тусгай үүргийн онгоцоор дөнгөж эх орондоо ирсэн гурван иргэн халдвар авсан талаар өнөөдөр /2020.03.16/-нд мэдээлсэн юм. Тусгай нислэгээр ирсэн бүх зорчигчдыг газардсан даруйд нь тусгаарлан, шинжилгээнд хамруулсан бөгөөд халдвар авсан өвчтөнүүд шаардлагатай эмчилгээнд аль хэдийнэ хамрагдаж эхэлжээ.
Монгол Улсад анхны тохиолдол бүртгэгдэхээс ч өмнө ДЭМБ-аас “COVID-19”-ийг цар тахлын хэмжээнд хүрснийг зарлаж, улс орнуудыг хязгаарлах, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ эрчимжүүлэх ёстойг анхааруулж байв. Монгол Улс ДЭМБ-ын зөвлөмжийг ягштал хэрэгжүүлсэн. Бүр итгэмээргүй сайн байсан. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх нь ард түмнээ хамгаалах хамгийн сайн арга зам гэдгийг Монголын Засгийн газар нотлон харуулж байна.
Хэрэв би буруу санаагүй бол тэг хэмээс доош хүйтэнд халдвар тархах эрсдэл бага гэгдэж байгаа. Дээрээс нь хүмүүс хүйтэнд хөлөөсөө толгой хүртэл битүү хувцасладаг нь халдвар тархах эрсдэлийг бууруулсан байж болзошгүй. Тиймээс одоо тус улсад цаг агаар дулаарч эхлэхэд тохиолдлууд нэмж бүртгэгдэх үү гэдэг нь анхаарал татаж байгаа юм.
Монгол Улс өнгөрөгч нэгдүгээр сараас хойш эх орондоо халдвар тархаахгүй байх урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, хэрэгжүүлж эхэлснээр БНХАУ-тай хилээ хаасан дэлхийн хоёр дахь улс болсон.
Хятадад “COVID-19”-ийн анхны тохиолдлыг өнгөрөгч оны хоёрдугаар сарын 31-нд зарласнаас хэдхэн хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 27-нд Монгол Улсын Засгийн газрын зүгээс БНХАУ-тай хилээ хааж байгааг мэдэгдсэн. Тэднээс өмнө зөвхөн Хойд Солонгос л тус улстай хилээ хаагаад байв. Засгийн газрын энэхүү мэдэгдлийг даган сургуулиудын үйл ажиллагааг хязгаарласан юм.
Үүнээс хойш улсын хэмжээнд нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг цуцлах шийдвэрүүд ээлж дараалан гарсан. Энэ хугацаанд хамгийн хүнд сорилт, эрсдэл бол жил бүр Монголчуудын хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг Цагаан сарын баярын амралтын өдрүүд байсан юм. Тиймээс баярын өдрүүдээр буюу хоёрдугаар сарын 21-27-ны хооронд орон нутгийн замын хөдөлгөөнийг хаах болон хязгаарлах арга хэмжээ авахыг хоёрдугаар сарын 19-нд мэдэгдсэн. Энэ бол иргэдийг баярын өдрүүдээр олноор цуглаж, айлаар хэсэхгүй байж, халдвар тархах эрсдэлийг бууруулахад зайлшгүй шаардлагатай, чухал арга хэмжээ болсон. Замын хөдөлгөөний хязгаарлалт дууссаны дараагаар нийслэл Улаанбаатарт нэвтэрч буй бүх автомашиныг зогсоож, иргэдийн биеийн халууныг нэг бүрчлэн хэмжих зэргээр нарийн шалгасны эцэст нэвтрүүлж байв.
Харин нийслэлд нийтийн тээврийг хязгаарлах арга хэмжээ авсан. Гэсэн ч автобусны гол шугамууд зөвхөн оргил ачааллын үед иргэдэд үйлчилж байв. Тухайн үед АНУ-ын Өвчний хяналт, урьдчилсан сэргийлэх төв хүртэл “хэрэв та үнэхээр л халдвар аваагүй бол амны хаалт зүүх шаардлагагүй” гэж зөвлөж байв. Эсрэгээрээ Улаанбаатарт нийтийн тээврээр зорчихдоо заавал амны хаалт зүүхийг шаардаж байсан юм. Төрийн албан хаагчид хэвлэлийн хурал хийхдээ, бүр телевизийн нэвтрүүлэгчид мэдээ уншихдаа хүртэл амны хаалт зүүж, цаг үргэлж бусдад амны хаалт заавал зүүж байхыг уриалж, сануулж байв.
Иргэдийг олноороо цуглахгүй байх хязгаарлалт хоёрдугаар сарын турш үргэлжилсэн. Гуравдугаар сард ч энэ байдал үргэлжилж Хөвсгөл нуурын Мөсний баяр, Баян-Өлгий аймгийн Бүргэдийн баяр, Өмнөговь аймгийн Тэмээний баяр, Казах ард түмний Наурызын баярууд зэрэг чухал арга хэмжээ, баярууд бүгд цуцлагдаад байгаа юм. Энэ бүхэн нь тус улсын дотоод, гадаадын аялал жуулчлалаас орж ирэх орлогод том алдагдал үүсгэх нь тодорхой.
Монгол Улсын Эрүүл мэндийн яамны зүгээс өдөр бүр өглөөний 11:00 цагаас хэвлэлийн бага хурал хийж нөхцөл байдлын талаар хамгийн сүүлийн үеийн, найдвартай мэдээллийг өгөхийн зэрэгцээ гудамжинд хэрхэн халдвараас урьдчилан сэргийлэх талаар заавар, зөвлөгөө өгч, товхимлыг тарааж байна.
Өнөөдрийн байдлаар паник-худалдан авалтад дарагдаж, үймээн тархаж болзошгүй дэлгүүр болон худалдааны төвүүдийн лангуунуудад хоол хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд дүүрэн өрөөтэй хэвээр байна. Халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн өдрийг эс тооцвол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл нь зөвхөн мах, махан бүтээгдэхүүн дээр л гарчээ. Мөн ариун цэврийн цаасны хомсдол бол Монголчуудад огт тулгараагүй асуудал юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д “COVID-19”-ийн дэгдэлт эхэлснээс хойш тус улсад төрийн айлчлал хийсэн анхны төрийн тэргүүн болсон бөгөөд тэрээр хагас өдрийн айлчлалаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн тэргүүн Ли Көцян нартай уулзаж, хоёр орны эв нэгдэл, хүн хэцүү цагт бие биенээ дэмжихийн илрэл болгож 30000 хонь бэлэг болгон өгсөн. Эх орондоо эргэж ирээд Ерөнхийлөгч сайн дураараа тусгаарлагдсан юм. Тухайн үед АНУ-ын Засгийн газар Монгол Улсыг гуравдугаар төвшний өндөр эрсдэлтэй улсад тооцож, иргэдээ зорчихгүй байхыг анхааруулж байв.
Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр Улаанбаатарыг орхин нисэх хүртэл амны хаалтыг заавал зүүх ёстой
Би Монголоос гуравдугаар сарын 5-нд явсан. Одоо бараг хоёр долоо хонож байна. Намайг амны хаалт зүүгээгүй учир нисэх буудалд нэвтрүүлэхгүй гэж хэлэх үед л би Монголчууд хорио цээр, урьдчилан сэргийлэх дүрэм, журмыг хэр нухацтай, өндөр төвшинд сахиулж байгааг бүрэн хэмжээгээр нь ухаарсан юм. Энд өвдсөн эсэх нь огт хамаагүй. Амны хаалтыг зүүх нь шаардлага юм. Нисэх онгоцны буудлын автомат хаалганы өмнө зогсох хамгаалалтын хувцастай ажилчид иргэдийг нэвтрүүлэхдээ зөвхөн халууныг нь хэмжээд зогсохгүй, аюулгүй байдлын үүднээс тухайн хүн амны хаалтыг ам, хамраа бүрэн тагласан байдалтай буюу яг ном журмынх дагуу зөв зүүсэн байгаа эсэхийг хүртэл шалгаж байв. Ингээд тэд надад амны хаалт бэлэглэж, би халуунаа хэмжүүлснээр тус улсын орхин явах боломжтой болсон юм.
Хэдий би дөрөвдүгээр сарын 4-д Монгол Улсад буцаж очих ёстой ч тодорхой шалтгааны улмаас ойрын ирээдүйд юу болох нь эргэлзээтэй байна. Хамгийн сүүлд гуравдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Монгол Улс гаднын орноос хийх бүх нислэгийг гуравдугаар сарын 28 хүртэл түр хугацаанд зогсоосон. Өчигдөр буюу гуравдугаар сарын 15-нд “Turkish Airlines” компанийн зүгээс дээрх хязгаарлалтын улмаас миний Стамбул-Улаанбаатарын чиглэлийн нислэгийг цуцалсан талаар мэдэгдсэн. Боломжтой хамгийн ойрын хугацаанд Монголд руу зорчиж болох нислэгийн талаар тодруулахад тус компанийн мэдээллийн ажилтан хамгийн ойрын хугацаанд ирэх тавдугаар сарын 2-нд Стамбул-Улаанбаатар чиглэлийн нислэг хийгдэх боломжтой байгаа талаар хэллээ.
Хятадаас-Монгол руу явах галт тэрэгний хөдөлгөөн өнгөрөгч нэгдүгээр сард хил хаасан өдөртэй давхцан хязгаарлагдсан. Цааш сунгаагүй тохиолдолд хязгаарлалт энэ сарын 28 хүртэл үргэлжлэхээр байгаа. Монголд байгаа гаднын иргэд хэрхэн тус улсын орхих маршрут хүлээсээр байна.
Монгол Улсад суух АНУ-ын Элчин сайдын яам гуравдугаар сарын 12-нд сайн дураараа нутаг буцах хүсэлтэй өөрийн иргэдээ эх оронд нь буцаах тусгай нислэг үйлдэхээ зарласан. Одоогоор дээрх нислэгийн хуваарь, хэдэн зорчигч авч явах зэрэг тоо тодорхойгүй байгаа ч тусгай нислэгийн тасалбарын үнийг иргэд өөрсдөө төлөх нь тодорхой болсон. Тасалбарын үнэ хэд байх нь мөн одоогоор тодорхойгүй байна.
Тус улсад суух Их Британийн Элчин сайдын яам ч ижил нислэг үйлдэх болсноо зарласан. Британийн иргэд гуравдугаар сарын 15-ны Улаанбаатар-Москва нислэгийн энгийн суудлаар 432 ам.доллар, Улаанбаатар-Берлин чиглэлийн нислэгийн энгийн суудлаар 540 ам.доллар, гуравдугаар сарын 16-ны Улаанбаатар-Токиогийн чиглэлийн нислэгийн энгийн суудлаар 426 ам.доллар тус тус төлж эх орондоо буцах замдаа гарсан.
Улаанбаатар руу орох авто замын хөдөлгөөнийг өнөөдөр/2020.03.16/ нээлээ. Нийслэлд нэвтэрч байгаа бүх иргэнээс биеийн байдал болон болзошгүй нөхцөл үүссэн тохиолдолд холбоо барих мэдээллээ үлдээхийг хүсэж байгаа аж. Сүм, хийд, баар, шөнийн цэнгээний газар, саун, дэн буудал, спорт заал, фитнесс, йога, бүжгийн клуб, зэрэг төрөл бүрийн соёлын байгууллагуудын үйл ажиллагаанд гуравдугаар сарын 30-ыг хүртэл хориг тавьсан. Ресторанууд оройн 22:00 цагт хаах цагийн хуваариар ажиллаж байна. Гуравдугаар сарын 10-аас хойш хаагдаад байсан худалдааны төв, захуудын үйл ажиллагааг одоо эргээд хэвийн болжээ.
АНУ эх орондоо буцаж ирсэн иргэдийг хянаж, тусгаарлаж буй. Гэсэн ч “Washington Post” сонины саяхны нэгэн дугаарт хэвлэгдсэн нийтлэлд АНУ-д “COVID-19”-ийн эсрэг тэмцэх ажил ямар үр дүн муутай, зарим тохиолдолд буруу зохицуулалттай явагдаж байгааг ил болгон харуулжээ. Тиймээс АНУ болон бусад орнууд энэ нүүдэлчин ард түмэн ямар хурдан хугацаанд, хэрхэн иргэдээ хамгаалж, айж, сандарсан тэдгээр иргэд төр засгаас хариулт хайж байгаа үед хэрхэн үр дүнтэй ажиллаж байгаад анхаарлаа хандуулах хэрэгтэй биз.
Эх сурвалж: Forbes
Bottom of Form