Эрүүл мэндийн яам коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.
Д.НАРАНГЭРЭЛ ЭМЯ-ны хэлтсийн дарга:
Европ тивээс Ази тиврүү өвчлөл зөөвөрлөгдөн орж ирэх хандлага ажиглагдаж байна
Өчигдөр та бүхэнд мэдээлэл хийснээс хойш 24 цагийн хугацаанд дэлхийн 173 оронд өвчлөл бүртгэгдсэн байна. Ингээд 5 оронд шинээр бүртгэгдсэн байна. Фижи, Никарагуа, Сальвадор, Ниж, Чад гэсэн голдуу Африкийн арлын орнуудад өвчлөл бүртгэгдсэн байна. Мөн БНСУ, Иран, Итали, Испани, Дани, АНУ, ХБНГУ, Франц зэрэг орнуудад өвчлөл эрчтэй тархаж байна. Коронавирусын өвчлөл бүртгэгдэж байсан эхний 3 сард зуун мянган хүн өвдөж байсан бол одоо зөвхөн сүүлийн 12 хоногт дэлхийд 100 мянган хүн шинээр энэ халдварыг авсан байна. Мөн Европ тивээс Ази тиврүү өвчлөл зөөвөрлөгдөн орж ирэх хандлага ажиглагдаж байна. Үүнийг эрдэмтэн судлаачид Азид хоёр дахь давлагаа гарах нь гэсэн тооцооллыг хийж байна. Яагаад гэвэл Сингапур улсад 33 шинэ тохиолдол, БНХАУ 140 гаруй шинэ тохиолдол Европын орнуудаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Тэгэхээр энэ байдлаас Ази тивд дахин халдвар тархах эрсдэл байгаа учраас бүх орныг урьдчилан сэргийлэх, хамгаалах гэсэн үндсэн 2 тактикийг сулруулж болохгүй гэдгийг ДЭМБ-аас анхааруулж байна.
О.ЯНЖМАА ЭМЯ-ны ГХХ-ийн дарга:
Европ тивд COVID-19 халдарын шинэ тохиолдлууд нэг өдрийн дотор мянга мянгаар нэмэгдсэн хэвээр байна
Европ тивд Испани, Герман, Франц, Щвейцари зэрэг улсуудад халдварын шинэ тохиолдлууд нэг өдрийн дотор мянга мянгаар нэмэгдсэн хэвээр байна. Итали улсад өнгөрсөн 24 цагийн дотор нас баралт 427 тохиолдлоор нэмэгдэж нийт 3405-д хүрсэн нь БНХАУ-д бүртгэгдсэн нийт нас баралтын тооноос давсан байна. Харин шинээр бүртгэгдсэн халдварын тоо 41035-д хүрсэн нь өмнөх өдрүүдээс 14.9 хувиар нэмэгдсэн талаар тус улсын иргэнийг хамгаалах газраас мэдээлэл өгсөн байна. Мөн Ломбарди мужийн Бергамо хотод морг болон цогцос чандарлах үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд ачааллаа дийлэхгүй болж бусад хотуудаас тусламж хүсч байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн байна. Өчигдрөөс эхлэн Африкийн олон улсууд хилээ хааж эхэлсэн байна. ДЭМБ-ын Африкийн бүсийн захирлын мэдээлснээр тус тивд 10 хоногийн өмнө 5 улсад халдвар бүртгэгдсэн байсан бол өнөөдөр тус тивийн 54 улсын 34-т халдвар гараад байна. Дээрх улсуудад бүртгэгдсэн нийт халдварын тоо 650-д хүрч нөхцөл байдал түргэн өөрчлөгдөж байгаад маш их санаа зовниж байна гэж хэлсэн байна. Африк тивд түргэн шаардлагатай хариу арга хэмжээ авахгүй бол энэ тивийн 1.3 тэрбум хүний дунд цар тахал газар авах эрсдэл маш өндөр байна гэж мэдэгдсэн байна.
Д.НЯМХҮҮ ХӨСҮТ-ийн дарга:
Бид үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээ дэс дараалалтай шинж тэмдгийг хянаж, шинжилгээнд хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
2020 оны 3 сарын 17-нд Москва-Берлин-Улаанбаатар чиглэлийн үүргийн онгоцоор ирсэн батлагдсан тохиолдлуудын хавьтал болох 75 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн 156 хүний шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна. Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан 24 хүнээс коронавирус илрээгүй. Үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийг дэс дараалалтай шинж тэмдгийг хянаж, шинжилгээнд хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. 2020 оны 3 сарын 18-нд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 3 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. 2020 ны 3 сарын 19-нд Хэнтий аймагт нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан байгаа тандалт, судалгаа хийгдэж байна. Мөн сорьц шинжилгээ наашаа явсан байгаа, хавьтал болох автобусанд байсан 24 хүнийг шинжилгээний хариу гартал тусгаарласан байгаа. Энэ иргэн нь Дорнод аймгийн Хавиргын боомтоор орж ирсэн, тухайн үед шинж тэмдэг илэрсэн учраас тухайн газар нь тусгаарлаж хяналтад оруулсан байгаа юм байна гэлээ.