Шинэ сарын эхний өдөр төв талбай дуулиан шуугиан хөл хөдөлгөөн ихтэй байна. Төрийн ордонд УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийсэн бол төв талбайд Ардчилсан нам “Одоо боллоо” эсэргүүцлийн цуглаан зохион байгууллаа. Үүнтэй зэрэгцэн ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар, УИХ-ын нөхөн сонгуулийн 28-р тойрогт “Үнэн ба зөв” намаас нэр дэвшигч А.Отгонбаатар нар маргалдаж олны анхаарлыг татав. Б.Жагарын хувьд АН-ын жагсаал нэр дэвшигч Э.Бат-Үүлийн төлөө, шатахуун, үнийн хөөрөгдөл, Оюу толгойн асуудал дээр дуугараагүй атлаа ийм үйлдэл хийж байна гэж шүүмжилсэн бол А.Отгонбаатар бие хамгаалагчидтай ирснийг нь асууж маргаан үүсэв. Энэ үеэр Б.Жагар нэр дэвшигч А.Отгонбаатарыг Э.Бат-Үүлээс мөнгө авсан гэж хэлснээс үүдэн шүүхэд өгнө гэж А.Отгонбаатар мэдэгдэж байх жишээний. Энэ мэтчилэн өрнүүн үйл явдлыг Ерөнхий сайд жагсаал зохион байгуулж буй иргэдийн шаардлагыг ажилдаа тусгах ёстой гэж үүрэгдсэнээр өнөөдрийн гол сэдвүүд өндөрлөв бололтой.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлэхдээ, “Сөрөг хүчин төр засагтаа шүүмжлэлтэй хандах ёстой. Ардчилсан нийгэмтэй Монгол Улсад олонх нь засгийн эрхийг барьж, цөөнхдөө хүндэтгэлтэй хандах ёстой. Үндсэн хуулийн дагуу иргэд тайвнаар жагсаал цуглаан зохион байгуулах, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Иргэдийн жагсаж цуглах эрхэд хүндэтгэлтэй хандаж, тавьж буй шаардлагыг нь шүүмжлэл бус зөвлөгөө гэж хүлээн авч, ажилдаа тусгах ёстой гэдгийг Засгийн газрын өмнөх хуралдааны үеэр анхааруулсан. Миний хувьд “КОВИД-19” болон вакцинжуулалтыг битгий улс төржүүлээсэй гэж хүсэж байна. Өмнө нь бодлогогүй улстөржилтөөс болж вакцин тасалдсан асуудал үүсэж байсан. Энэ асуудал дээр л бид нэгдмэл байр суурьтай байх ёстой юм. Бусад зүйлд бид туйлын хүндэтгэлтэй хандаж байгаа. Жагсаал зохион байгуулж байгаа хүмүүс бол халдвар хамгааллын дэглэм сахиулж, тайван жагсаал зохион байгуулахад л хариуцлагатай хандах нь зүйтэй” гэж онцолсон юм.