Хил хамгаалах ерөнхий газарт Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар ажиллажээ.
Хилийн бүсийн зөрчил гардаг бүс нутгуудад инженерийн саадын байгууламжийг нэмэгдүүлж, электрон хяналтын төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттай зохион байгуулсны үр дүнд хилийн зөрчил буурч байгааг Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн мэдээлэв.
“Хугацаат цэргийн албанд татагдан очсон цэргүүдэд дэглэлтийн асуудал хэрхэвч гаргаж болохгүй”-г Хууль зүйн байнгын хорооны дарга анхааруулжээ. Он гарсаар цэрэг амиа алдсан тохиолдол удаа дараа гарсан юм.
Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн, Хил хамгаалах ерөнхий газрын дарга тэргүүн дэд дарга бөгөөд, хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Ганболд, Хил хамгаалах ерөнхий газрын захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Д.Мөнгөнжин болон даргын зөвлөлийн гишүүд оролцжээ.
Монгол Улс, Оросын Холбооны Улсын хилийг хоёр улсын хооронд 1958, 1976 онд байгуулсан хилийн гэрээнүүдийн дагуу газар дээр нь тогтоон тэмдэглэжээ. Хилийн дэглэмийн гэрээг 1980 онд байгуулж, 2006 онд шинэчлэн батламжилсан бол улсын хилийн хамтарсан шалгалтыг 1987-2001 онд явуулсан байна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн гэрээг анх 1962 онд байгуулж, 1988, 2010 онд шинэчилжээ. Монгол-Хятадын хилийн нэг дэх удаагийн хамтарсан шалгалтыг 1982-1984 онд, хоёр дахь удаагийн хамтарсан шалгалтыг 2001-2004 онд зохион байгуулжээ.