Нүүр хуудасМэдээБайнгын хороодын хамтарсан хуралдаанаар “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг...

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын Эдийн засгийн болон Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2023.04.19) хамтарсан хуралдаан 11 цаг 25 минутад 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг даргаллаа. Засгийн газрын Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай саналыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.

Засгийн газраас гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, экспортыг эрчимжүүлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрөөс 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилон ажиллуулж байгаа юм. Онцгой дэглэм тогтоох үед “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүгийн нөхцөл байдал хүнд, үйл ажиллагаа ил тод бус, санхүүжүүлж буй төсөл хөтөлбөртэй холбоотой мэдээллийг нууцад хамааруулсан, ажлын гүйцэтгэл хоцрогдолтой байсныг тэрбээр танилцуулав. Түүнчлэн тус компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, шаардлагагүй алба, нэгжийг татан буулгах, ажилтнуудын сахилга хариуцлагыг сайжруулах шаардлагатай байсан гэлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч нүүрс олборлолт тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангуулах, нүүрсийг хил нөхцөлөөр биржээр арилжих, шаардлагатай төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн тодорхой үр дүнд хүрээд байгаа гэлээ. Тухайлбал, нүүрсийг биржээр хил нөхцөлөөр борлуулж, нүүрсний үнэ, борлуулалтыг нэмэгдүүлсэн байна. Нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр тэдний төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгджээ. Компанийн тусгай зөвшөөрлийн талбайгаас нүүрс дутсан асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байна. Нүүрс худалдах, худалдан авах гэрээний нөхцөлийг өөрчлөн, уурхайн ам нөхцөлөөс хил нөхцөлд шилжүүлсэн, уулын ажлын зардлыг бууруулсан, компанийн өр төлбөрийг барагдуулж ашигт ажиллагааг нэмэгдүүлсэн болохыг Д.Амарбаясгалан сайд танилцуулав.

Түүнчлэн ил тод байдлыг хангах үүднээс нууцад хамааруулсан гэрээнүүдийг ил болгож, төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлсэн, компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох ажлын хүрээнд шаардлагагүй алба, нэгждийг татан буулгаж, удирдах ажилтны тоог бууруулсан, хууль зөрчсөн байж болзошгүй тохиолдлуудыг хяналт шалгалтын байгууллагад гомдол гарган шилжүүлсэн зэрэг үр дүнгүүд гарч эхлээд байгаа аж. Онцгой дэглэмийн хугацаанд 1,260.6 сая ам.долларын үнэлгээтэй 13 сая тонн нүүрс борлуулсан нь “Эрдэнэс Тавантолгой”  ХК-ийн түүхэн дээд амжилт болсон ба энэ нь 2022 оны борлуулалтын орлогын дүнгээс илүү байгаа аж.

Онцгой дэглэмийн хугацаанд сарын дундаж үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлт өмнөх үетэй харьцуулахад эрс сайжирсан байна. Борлуулсан нүүрсний хэмжээ 4.1 дахин, тээвэр 3.9 дахин, экспорт 2 дахин, орлого 3.9 дахин, олборлолт 2.7 дахин тус тус өсчээ. Компани 500 сая ам.доллароос багагүй орлого олж гадаад валютын нөөц нэмэгдүүлэх үүргийг давуулан биелүүлж, 588 сая ам.долларын орлого олж, 416.6 сая ам.долларыг Монголбанканд тушаасан байна.

Тус компани 2022 онд түүхэндээ хамгийн өндөр орлого, ашгийг олсон байна. Цэвэр ашиг нь 1.3 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд энэ оны эхнээс гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 765.2 сая ам.долларын үнэлгээтэй 7.5 сая тонн нүүрс борлуулжээ. Үүнээс 445.6 сая ам.долларыг дансанд төвлөрүүлж, бондын 120 орчим сая ам.долларын үндсэн болон хүүгийн эргэн төлөлтийг үйл ажиллагааны орлогоор төлөх боломжийг бүрдүүлэн, худалдан авагчдад төлөх өр төлбөрийг 169.2 сая ам.доллароор бууруулсан байна.

Нийт 7 удаагийн биржийн арилжааг амжилттай зохион байгуулж 224000 тонн коксжих нүүрс, 192000 тонн эрчим хүчний нүүрс, нийт 416000 тонн нүүрсийг биржээр хил нөхцөлөөр амжилттай борлуулсан. Нүүрс олборлохоос экспортлох үе шатыг ил тод болгон, төсөвт төвлөрүүлэх татвар хураамжийн төлөвлөгөөг 1.6 дахин буюу 470.5 орчим тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ. Мөн тээврийн тендерийг амжилттай зохион байгуулж “С” зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод болгож, нүүрсийг хил хүртэл тээвэрлэх, борлуулах бэлтгэлийг хангуулсан байна. Биржээр борлуулсан нүүрсийг 2023 оны гуравдугаар сарын 3-ны өдрөөс “Ганц мод” боомтод хүргэж эхэлсэн байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн үед шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр компанийн санхүүгийн нөхцөл байдал сайжирч, гадаад валютын орох урсгал нэмэгдсэн. Гэсэн ч Тавантолгой нүүрсний ордын эдийн засгийн өгөөж үр ашгийг сайжруулах, нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх нүүрсний олборлолт, тээвэрлэлт, борлуулалт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, өртөг зардлыг бууруулах, нээлттэй ил тод байдлыг хангуулах, нүүрсийг хил нөхцөлөөр, биржээр арилжих зэрэг үйл ажиллагааг жигдрүүлэх, тогтвортой хадгалах, цаашид улам сайжруулж, үүссэн нөхцөл байдлыг бүрэн арилгах шаардалаг бий. Иймээс “Эрдэнэс Тавантолгой” ХК тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага бий хэмээн Д.Амарбаясгалан сайд танилцууллаа. Иймд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлжээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, М.Оюунчимэг, Ц.Анандбазар, Ж.Батжаргал, Б.Баттөмөр, С.Ганбаатар, Т.Энхтүвшин, Д.Батлут, Г.Ганболд, Ц.Цэрэнпунцаг нар асуулт асууж, үг хэлэв. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлаад 31 жил болж байгаа бөгөөд түүнтэй нийцээгүй хууль хүчингүй болгох, Үндсэн хуульд нийцсэн хууль тогтоомжийг батлах эрх зүйн шинэтгэлийн үйл явц тасралтгүй явагдаж байгааг Б.Энхбаяр гишүүн хэллээ. Зарчмын хувьд Үндсэн хуульд нийцээгүй хууль тогтоомжийг мөрдөхгүй байх ёстой ч шинэ Үндсэн хуулиас өмнө батлагдсан, одоо хэр нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хууль, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн гэрээг тэрбээр онцлон дурдав. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийг сунгах асуудлыг 1991 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр Улсын Бага Хурлаас баталсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль дахь “Үйлдвэрийн газар, байгууллагад тогтоосон онцгой дэглэм, түүний хэрэгжилтийн явцыг сар бүр Улсын Бага Хурал, олон түмэнд мэдээлж байх, тухайн үйлдвэрийн газар, байгууллагад онцгой дэглэм тогтоосон нөхцөл байдал арилаагүй бол хугацааг нь сунгах тухай саналаа уул хугацаа дуусахаас 10 хоногийн өмнө БНМАУ-ын Бага Хуралд оруулж байхыг БНМАУ-ын Засгийн газарт даалгасугай. БНМАУ-ын Бага Хурал зайлшгүй шаардлагатай гэж үзвэл онцгой дэглэмийг нэг удаа 6 сар хүртэл хугацаагаар сунгаж болно” гэх заалтыг үндэслэн хэлэлцэж байгааг дурдаад, тодруулга хийсэн юм. Монгол Улсын эрх зүйн орчинд 1992 оноос өмнө батлагдсан хэд хэдэн хууль тогтоомж хүчин төгөлдөр үйлчилж байгааг Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан хэлээд, эдгээрийг шинэчлэн найруулах, өнөөгийн нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх шаардлага бий гэв. Судлаачид, мэргэжилтнүүдтэй энэ талаар санал солилцож, судалгаа дүгнэлт гаргуулсан бөгөөд Засгийн газар өнөөдөр хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд, Үндсэн хуульд нийцсэн шийдвэрүүдийг гаргуулахаар Улсын Их Хуралд төслийг өргөн мэдүүлсэн байна. Энэ төслийн зэрэгцээ Ерөнхий сайдаас Хууль зүй, дотоод хэргийн сайдад дээрх хуулиудын шинэчилсэн найруулгыг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулах үүргийг өгсөн талаар мэдээлэл өгөв. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг 3-5 жилээр хянаж байх шаардлагатай бий бөгөөд ирэх оны төсөвт үүнтэй холбоотой төлөвлөлтийг тусгана гэдгийг Д.Амарбаясгалан сайд хэлсэн.

Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилсон нь оновчтой байсныг үр дүнгийн мэдээллээс харж болно гэж М.Оюунчимэг гишүүн хэлээд, онцгой дэглэмийн үеэр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар тодруулж, мэдээлэл авсан юм. Тогтоолын төслийг дэмжиж байгаагаа Ц.Анандбазар гишүүн илэрхийлээд, онцгой дэглэмийн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд бий болсон хөрөнгө, орлогыг зохистой зарцуулж, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн хэлбэрээр эргэлтэд оруулах нь зүйтэй гэдэг санал хэлсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК тогтоосон онцгой дэглэмийн үед гарсан үр ашгийг тогтворжуулах зорилгоор хугацааг нэг удаа сунгах нь зүйтэй гэдэг байр суурийг Ж.Батжаргал гишүүн илэрхийлээд, гэхдээ цаашид эрх зүйн орчныг бүрдүүлээд, удирдлагаас үл хамааран үйл ажиллагаа нь тогтовортой үргэлжилж байх шаардлагатай гэлээ. Тиймээс эрх зүйн орчныг бүрдүүлэхээр Эдийн засгийн байнгын хороо Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны талаарх хууль тогтоомжуудыг нэн яаралтай шинэчлэн, өргөн мэдүүлж, батлуулах нь зүйтэй гэдэг саналыг хэлсэн. Хувьцааны ноогдол ашиг тараах эсэх асуудал дээр хууль тогтоомжийнхоо хэрэгжилтийг хангах нь зүйтэй гэдэг байр суурийг тэрбээр илэрхийлэв. С.Ганбаатар гишүүн тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, үндэслэлээ тайлбарласан юм. Нүүрсний үнийг богино хугацаанд, ханшийн өөрчлөлттэй уялдуулан өөрчилж байх шаардлага, үндэслэлийн талаар Г.Ганболд гишүүн санал хэлэв. Түүнчлэн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг урд хөршийн төмөр замын сүлжээтэй холбох, олборлолтын талбарт лаборатори барьж, нүүрсээ ангилж, тэр бүрд тохирсон үнээр худалдаалах нь зүйтэй гэдэг саналуудыг мөн хэлсэн. Онцгой дэглэм тогтоосон үед байгуулсан гэрээ болон тухайн үеийн нөхцөлд хийсэн хөндлөнгийн аудитын дүгнэлт бий эсэхийг О.Цогтгэрэл тодрууллаа.  Онцгой дэглэмийн үед нэг ч гэрээ байгуулаагүй гэдгийг Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат хэлээд, өмнө нь “нууц” гэдэг ангиллаар гэрээ байгуулдаг байсныг өөрчилсөн гэв. Тухайн компани дээр нууцад хамааруулж ажил, арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн болохоо хэлэв. Борлуулалтын олборолтын хугацаа нь дууссан гэрээнүүдийг дуусгавар болгоод, хугацаа нь болоогүй гэрээнүүдийг хил нөхцөл рүү шилжүүлэх байдлаар худалдан авагчидтайгаа хэлцэл хийж байгаа гэлээ. Тодруулбал, уурхайн ам нөхцөлтэй 103 гэрээнээс хугацаа нь болоогүй байгаа 87 гэрээг хил нөхцөл рүү шилүүлээд байгаа гэлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК дээр үүсээд байсан нөхцөл байдлыг өөрчлөх, засах зорилгоор Засгийн газраас онцгой дэглэм тогтоон, бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулаад ажиллуулсны үр дүнд борлуулсан нүүрсний хэмжээ 4.1 дахин, тээврийн хэмжээ 3.9 дахин, экспорт 2 дахин, орлого нь 3.9 дахин олборлолт нь 2.7 дахин тус тус өссөн гэдгийг Д.Амарбаясгалан сайд хэллээ. Өнөөдөр ердийн горимоор шууд гүйцэтгэх захирал томилоод ажиллуулахад энэ богино хугацаанд урьд өмнө нь давтагдаж байсан алдааг засах бүрэн нөхцөл боломж бүрдээгүй гэж Засгийн газар үзсэн байна. Олон улсын аудитын байгууллагыг оруулж бүх үйл ажиллагаанд аудит хийлгэж, эрх зүйн орчныг нь сайжруулсны үндсэн дээр удирдлагыг нь улс төрөөс хараат бусаар томилогдон, ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг чухалчилж байгаа гэлээ. Аудитын тайланг үндэслэн олон улсын менежментийн компани, менежментийн багийг ажиллуулах ч боломжийн талаар судалж байгаа гэлээ. Онцгой дэглэмийг сунгах хугацаанд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу биржээр худалдаалж байгаа үйл ажиллагаагаа жигдрүүлчих, тээвэрлэлтийн асуудлыг дотооддоо бүрэн зохион байгуулах, улмаар татварын орлогыг нэмэгдүүлэх бодлогоо хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэв. Эдгээрийг ажил хэрэг болгох үүднээс бүрэн эрхт төлөөлөгчийн хугацааг сунгаж ажиллуулах саналтай байгаа гэдгээ Д.Амарбаясгалан сайд гишүүдийн асуултад хариулах үеэрээ тайлбарласан. 

Онцгой дэглэмийн хугацааг сунгах Засгийн газрын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн бөгөөд Засгийн газрын эл саналд үндэслэн Байнгын хорооноос боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг үндэслэн Байнгын хорооноос боловсруулсан “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин танилцуулсан. Нүүрсийг биржээр дамжуулан хил нөхцөлөөр борлуулах үйл ажиллагааг тогтворжуулах, гадаад валютын орох урсгал нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг 6 сараар сунгахаар төсөлд заажээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 57.9 хувийн саналаар дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН