Нүүр хуудасМэдээУИХ: Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг...

УИХ: Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзжээ

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа, Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн гишүүн Б.Хэрлэн, Л.Соронзонболд нар Литва Улсын Сеймасын гишүүн Модеста Петраускайте тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2026.10.13/ хүлээн авч уулзав.

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа уулзалтын эхэнд Монгол Улсад болж буй Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцохоор ирсэн тус улсын төлөөлөгчдөд ажлын амжилт хүслээ. Мөн энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Литва Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгаа нь чухал тэмдэглэлт үйл явдал юм гээд өнгөрсөн хугацаанд манай уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж ирснийг тэмдэглэв.

Түүнчлэн Литва-Монголын парламентын бүлэг 2026 оны 06 дугаар сард, Монгол-Литвын парламентын бүлэг 2026 оны 08 дугаар сард байгуулагдсаныг дурдаад, парламент хоорондын харилцааг өргөжүүлэх төдийгүй хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал талбар болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Хамтын ажиллагааг улам өргөжүүлэх зорилгын хүрээнд тус бүлгийн гишүүдийг Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийг урьж, парламент төдийгүй эмэгтэйчүүдийн эрх, хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах, бизнесийн харилцааг нээх боломжтойг онцлов.

Литва Улсын Сеймасын гишүүн Модеста Петраускайте, цаг зав гарган хүлээж авсанд талархал илэрхийлээд, эртний түүхт хүчирхэг Монгол оронд зочилсондоо баяртай байна гэв. Тэрбээр, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг боловсрол, эрчим хүч, худалдаа, бизнесийн салбарт өргөжүүлэх, ард түмэн хоорондын соёлын харилцааг хөгжүүлэх боломжтойг тэмдэглээд Монгол-Литвын парламентын бүлгийн гишүүдийг албан ёсны айлчлал хийхийг урилаа.

Уулзалтын төгсгөлд талууд хоёр орны парламентын бүлгүүдийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ түвшинд хөгжүүлэх, харилцан туршлага солилцох айлчлал, уулзалтуудыг зохион байгуулах талаар санал нэгтэй байгаагаа илэрхийлэв

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН