Нүүр хуудасМэдээГ. Занданшатар: Монгол Улс болон Европын Холбоо нь хүний эрх, эрх чөлөө,...

Г. Занданшатар: Монгол Улс болон Европын Холбоо нь хүний эрх, эрх чөлөө, ардчиллын нийтлэг үнэт зүйлсээр холбогдсон

УИХ-ын дарга Г.Занданшатар Европын холбооноос Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзан,          парламентаас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэлийн хүрээнд харилцан санал солилцлоо.

Уг уулзалтыг 2009 оноос жил бүр тасралтгүй зохион байгуулж ирсэн ч цар тахлын улмаас сүүлийн 4 жил завсарлаад байсан юм. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга, парламентын ардчиллыг бэхжүүлэх нь энэ удаагийн парламентын тэргүүлэх зорилго гэдгийг тодотгоод иргэдийн оролцоо, хүний эрхэд тулгуурласан эрх зүйн цогц шинэчлэлийг хэрэгжүүлж буйг тэмдэглэв. Тэрбээр үргэлжлүүлэн, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг эрэмбэлэхийн тулд ард иргэдийн дуу хоолойг сонсож, Зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулсныг дурдлаа. Цар тахлаас улбаалан холдсон төр, ард түмэн хоорондын харилцааг сэргээж, тогтолцооны өөрчлөлтийг үндэсний зөвшилцлийн хүрээнд шийдвэрлэх болно гэдгийг УИХ-ын дарга үргэлжлүүлэн онцлов.

Уулзалтад оролцсон Элчин сайд нарын зүгээс парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хууль тогтоох үйл хэрэг болон төлөөллийн ардчиллыг төлөвшүүлэхэд харилцан сайн туршлагыг солилцоход бэлэн байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Монгол улс хүний эрхийн индексээрээ өссөн үзүүлэлтэйг дурдаад, ардчиллын үнэт зүйлсийг тууштай хамгаалж байгааг онцолж байлаа. 

УИХ-ын дарга уулзалтын дундуур Европын Холбоо болон түүний гишүүн орнууд нь монголчуудын хувьд хүний эрх, эрх чөлөө, ардчиллын нийтлэг үнэт зүйлсээр холбогдсон гуравдагч хөрш гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Цаашид бүс нутгийн онцлог, дотоодын нөөцөд тулгуурлан бизнес, худалдааны салбарт олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхааран, эрх зүйн таатай орчинг бүрдүүлж ажиллана гэдгийг хэллээ. Ирэх онд Монгол Улс, Европын холбоотой дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой болно. Уулзалтын төгсгөлд Европын Холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Аксель Никейз, Улсын Их Хурлаас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэлийг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлж, энэ удаагийн парламент жендерийн мэдрэмжтэй, хүний эрхийг дээдэлсэн хууль тогтоомж боловсруулахад онцгой анхаарч байгаад талархаж буйгаа илэрхийлсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН