БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн “Монгол Улсын мал эмнэлгийн чадавхыг сайжруулах, мал, амьтны эмнэлэг байгуулах төсөл”-ийн хүрээнд Мал, амьтны клиник эмнэлгийг ашиглалтад хүлээн авлаа. Эмнэлгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар оролцлоо.
Тэр бээр Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойрын таван жилд малын өвчингүй эрүүл бүс бий болгохоор зорьж байгааг тэмдэглэв.
ХААИС-ийн дэргэдэх Мал, амьтны эмнэлэг малын эмч нарын ур чадварыг дээшлүүлэх, онол практикийн шинэ орчныг бүрдүүлэх, мал, амьтны эрүүл мэндийг сахин хамгаалахад чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа хэлэв.
Монгол Улс, БНСУ-ын харилцаа хамтын ажиллагааны нэг илэрхийлэл болсон “Монгол Улсын мал эмнэлгийн чадавхыг сайжруулах, мал, амьтны эмнэлэг байгуулах төсөл”-ийн дараагийн үе шатны хэрэгжилтэд амжилт хүсэв.
Мөн БНСУ-ын Засгийн газар, ард иргэдэд талархал илэрхийллээ.