Нүүр хуудасМэдээЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 2024 оны улсын төсвөөр хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжинэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 2024 оны улсын төсвөөр хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжинэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
Эрхэм монголчууд аа,
Ард түмний төлөөлөх эрхийн илэрхийлэл болсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
 
Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн 30 жилийн нийгэм, эдийн засгийн явцад бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгч, шинэ 30 жилийн эхлэлийг зөв тавих суурь реформын асуудалд үндсэн анхаарлаа хандуулсаар ирлээ.
 
Мэдээж 30 жилийн бугширсан асуудал гурван жилд бүтэн засагдахгүй ч  иргэдийн мэдэх эрх хангагдаж, нийгмийн дүгнэлт зөв чигт тогтож эхэлж байгаа нь 21 аймгаар иргэдтэйгээ илэн далангүй санал шүүмжлэл өрнүүлж, 8-10 цаг үргэлжилсэн уулзалтуудын үеэр биечлэн мэдэрлээ.
 
Парламентын гишүүд ч хамт байсны хувьд надтай дүгнэлт ижил байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
 
Монголын ард түмэн улс төрчдийн хэн нь, юуны төлөө зорьж байгааг, хэн нь хөшигний цаана тээг хийж байгааг, хэн нь хоосон дүр үзүүлэн жүжиж байгааг, хэнийх нь биеийн хэлэмж, нүдний харц үнэн ба худал байгааг таньдаг болжээ.
 
Ард иргэд өнөө маргаашийн асуудлаас илүү, улс орны ирээдүйн тухай, шударга нийгмийг бүрдүүлэх тухай, хүн бүрт хууль тэгш үйлчлэх тухай, өнгөрсөн алдааг засаж залруулж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох тухай ярьж байна.
 
Ард иргэд 30 жилийн өмнө нийгэм солигдож, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоохын төлөө хичээсэн ч эргээд харахад хэдхэн хүн баяжсан, хууль тэгш үйлчилдэггүй, шударга бус, авлигажсан, үүрэг хариуцлагагүй, салан задгай нийгэм бүрэлдэн бий болсонд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж байна.
 
Иргэд Монголын ард түмний хагас зуун жил бүтээсэн баялгийг өмч хувьчлал нэрийн дор цэнхэр, ягаан тасалбараар хэдхэн хүн завшсан нь өнөөдрийн баян, ядуугийн ялгаа туйлдаа хүрч, нийгэм бие биенээ үзэн ядах суурь нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна.
 
Иргэд олон зуун жил газрын хөрснөө бий болсон байгалийн баялгийн лицензүүдийг, мөн л энгийн иргэдэд хүртээлгүйгээр, шударга бусаар хуваан залгиж, цаашлаад төрийг нь засагтай, парламенттай, шүүхтэй нь, улс төрийн намуудтай нь худалдаж авах системийн авлигынтогтолцоо бүрдсэнийг том зургаар нь бүрэн ойлгосон байна.
 
Өнгөрсөн 30 гаруй жилийн нийслэлийн болон байгалийн тусгай хамгаалалттай газруудад хууль бусаар цэцэглэн хөгжсөн газрын наймаа ч тэгш бус нийгмийг бий болгосон үндэс гэдгийг ч нийгэм бүхэлдээ дүгнэжээ.
 
Нэг үгээр хэлбэл, нийгмийн шилжилтийг далимдуулж, өмч хувьчлал, эрдэс баялгийн лиценз, газрын наймаа өнөөдрийн тэгш бус байдал, баян ядуугийн эрс ялгаа, нийгмийн бухимдлын суурийг тавьсан гэдэг нийгмийн дүгнэлт бодитоор улс даяар тогтсон байна.
 
Энэхүү дүгнэлт нийгэмд бүрэн төлөвшиж чадаагүй байсан тул өмч хувьчлал, байгалийн баялаг, газрын эздийн өмнө Монгол төр хүчгүйдэн сааралтаж, Засгийн газрын дундаж нас 1.5 жил байсан нь энэхүү авлигын системтэй шууд холбоотой.
 
Тэд тоглогчид өөрчлөгддөг ч тоглоом өөрчлөгдөхгүй гэдэг системийн авлигын дүрмээр тоглосоор Монгол Улсын 30 жилийг зөвхөн өөрсдөдөө ашигтай, ард түмэнд хүртээмжгүйгээр болгон манантуулан боолчилж чадаж байсан юм.
 
Олны хүч оломгүй далай гэж Монгол түмэн ярьдаг билээ. Олон түмний хүч ордны хуйвалдааныг үргэлж ялсаар ирснийг буурал түүх нотолдог билээ.
 
Хэрэв авлигажсан тогтолцоотой хийх энэхүү тэмцэл үр дүнд хүрч, эдийн засгийн хүртээмж нэмэгдэж, дундаж давхарга тэлэхгүй бол нийгэм өөрөө өөрийгөө засах өөрчлөлт рүү ороход нийгмийн сэтгэлзүй бүрэлдэн бий болсонд авлигын тэмцлийг сааруулж буй бүлэглэлийн гар хөл болсон шат шатны хувалзнууд, тэдний цаана байгаа эзэд нь бодит дүгнэлт хийгээсэй хэмээн хүсэж байна.  
 
 Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,
 
“Шинэ сэргэлтийн бодлого” бодитоор хэрэгжиж, авлигатай хийх тэмцэл эрчимжсэнээр эдийн засгийн үзүүлэлтүүд өдөр өдрөөр сайжирсаар байна.
 
2021 оны төсвийн жил цар тахлыг даван туулахад илүүтэй чиглэгдсэн билээ. Тухайн үед эдийн засгийн өсөлт -4.7 хувь болон агшиж, улсын төсөв 20 гаруй хувиар тасарч, 1992 оноос хойш тулгарсан эдийн засгийн хүндхэн сорилттой та бид хамтдаа тулсан.
 
Тус төсвийн жил вакцинжуулалтыг татан авчрах, эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийг бүхэлд нь шинэчлэхэд улсын төсвийн бодлого бүхэлдээ чиглэгдсэн билээ. Цар тахлын тохиолдолд эзлэх нас баралтын хувь олон улсын дунджаас тав дахин бага байж, бүс нутгийн бусад орнуудтай харьцуулахад 1.5 жилийн өмнө эдийн засгаа нээж чадсан нь 2021 оны төсвийн жил тавьсан зорилтдоо хүрсэн гэж дүгнэж болох юм.
 
2022 оны төсвийн жилд Монгол Улс цар тахлын хязгаарлалтыг бүрэн цуцалснаас хойш яг 10 хоногийн дараа ОХУ-Украйны дайн эхэлсэн нь манай улсын хувьд цар тахал, дайн зэрэгцсэн хүндхэн сорилтыг авчирсан.
 
 Эдийн засгийг тогтворжуулах “Шинэ сэргэлийн бодлого”-ыг хэрэгжүүлж, боомтын хүчин чадлыг өргөтгөж, бүхнийг экспортод гэсэн уриатайгаар ажиллаж, төсвийн хэмнэлтийн хуулийг эрчимжүүлж ажилласны үр дүнд эдийн засаг 4.8 хувиар өсөж, Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, гүний уурхай ашиглалтад орж, шинэ 4 төмөр замын боомтын бүтээн байгуулалтын ажил эхлэсэн.
 
2023 оны төсвийн жил Монгол Улс олон жилийн хугацаанд бугшсан далд эдийн засгийг илчлэх авлигын тэмцлийг идэвхжүүлэхэд бүхэлдээ чиглэгдсэн. 
 
2023 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 62.4 их наядад хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.долларт хүрч, төсвийн орлого 1.8 их наядаар давж, цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлсэн төсвийн тодотголыг хамтдаа хийсэн билээ. Эдийн засгийн өсөлт 6.4 хувь болж, Хөгжлийн банкны эргэн төлөлт 1.4 их наяд давж, Мазаалай бондын 500 сая ам.доллар, Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өр бүрэн төлөгдөв. Улсын төсөв энэ жил 1.8 их наядаар давж биелж, төлбөрийн тэнцэл анх удаа 538 сая доллараар эерэг гарлаа.
 
Энэ бүхэн авлигатай хийсэн тэмцлийн шууд үр дүн байсан гэж үзэж болно. Төсвийн жил бүхэнд Засгийн газрын бодлогыг дэмжиж ажилласан Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэнд талархаж байна.
 
Бид өнгөрсөн гурван төсвийн жилийн бодлогын үр дүнд цар тахлыг амжилттай даван туулж, дайны хүнд үед эдийн засгийн өсөлтөө хадгалж, авлигатай хийх тэмцлээ эрчимжүүлж, далд эдийн засгийн хөшгийг хуулж, эдийн засаг хүртээмжтэйгээр тэлэх суурь нөхцөлийг бүрүүлж чадлаа.
 
Энэ амжилтад тулгуурлан 2024 оны улсын төсөв бол хот ба хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжих суурь агуулгатайгаар боловсруулж та бүхэнд танилцуулж байна. 2024 онд эдийн засаг долоон хувиар өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүн 74 их наядад хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдхүүн анх удаа 6000 ам.доллар давна гэж төсөөлөв.
 
Улсын Их Хурлын гишүүд тойрогт хандсан хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, олон улсын байгууллагуудын зөвлөмжид үндэслэн Шинэ сэргэлтийн бодлогын Хөдөөгийн сэргэлтийн “Таван цагариг зам” төслийг эхлүүлж байгаа нь 2024 оны төсвийн жилийн гол онцлог билээ.
 
Мянганы замын их бүтээн байгуулалтын ажлыг монголчууд бид 23 жилийн дараа бүрэн хэрэгжүүлж дуусгаж чадлаа. Энэ бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн Намбарын Энхбаярын Засгийн газар болон үргэлжлүүлсэн Ерөнхий сайд, Засгийн газар бүхэнд, оролцсон бүх хүнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мянганы зам бол Мянгуужингийн үлгэр биш харин 7000 гаруй км үргэлжилсэн бодит бүтээн байгуулалт болсон гэдгийг энэхүү төслийг бүрэн дуусгаж байгаа Засгийн газрын тэргүүний хувьд онцлон тэмдэглэж хэлэхийг хүсэж байна.
 
“Мянганы зам”-ын дараагийн том алхам бол “Хөдөөг сэргээх Таван тойрог зам” нь аймгийн төвүүдийг хооронд нь, хилийн боомтуудтай холбох төсөл билээ. Энэ төслийн хүрээнд 2024 онд багтааж, 1300 км авто замын төслийг шинээр эхлүүлэх болно.
Хөдөөгийн сэргэлтийг дэмжсэн орон сууцжуулалт, төрийн албан хаагчдын урамшууллын систем, хотын шинэ эрхзүйн орчин, тойрог хурдны зам зэрэг цогц асуудлууд 2024 оны төсвийн жилийн онцлог байх болно.
 
Анхаарал тавьсанд баярлалаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН