Дэлхийн 180 улс, бүс нутгийн парламентыг эгнээндээ нэгтгэсэн Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 147 дугаар Ассамблей Бүгд Найрамдах Ангол Улсын нийслэл Луанда хотноо болж байна.
Тус Ассамблейн үеэр зохион байгуулагдаж байгаа Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн ээлжит чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонгтой албан уулзалт хийлээ.
ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонг ОУПХ болон Монгол Улсын Их Хурал хоорондын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлэв.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан ноён Мартин Чунгонгт талархал илэрхийлээд, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын мэндчилгээг уламжлав. Мөн ОУПХ болон гишүүн орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагааг төгөлдөржүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг онцоллоо.
ОУПХ болон Монгол Улсын Их Хурал хоорондын хамтын ажиллагаа 2022 оноос шинэ шатанд гарч, парламентын ардчиллыг бэхжүүлэх, парламент дахь хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичгийг 2022 оны 08 дугаар сард байгуулсан билээ.
Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газар хүний эрх болон жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээг ОУПХ-ны боловсруулсан аргачлалын дагуу ирэх 11 дүгээр сард хийхээр төлөвлөж, бэлтгэлээ хангаж байна хэмээн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан танилцууллаа.
-Манай парламентын түүхэнд анх удаа хийгдэж буй энэ хоёр төрлийн үнэлгээ нь Улсын Их Хурал, түүний Тамгын газар хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй байдлын хувьд “өөрөө өөрийгөө тольдон харж буй” түүхэн үйл явдал мөн. Тиймээс одоогийн нөхцөл байдлаа бодитой үнэлж, цаашид бодлого, үйл ажиллагаагаа сайжруулах, арга замаа шинээр тодорхойлоход чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улсын парламент 76 гишүүнтэй. Харин Үндсэн хуульд энэ онд оруулсан өөрчлөлтөөр 2024 оноос 126 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулах болсон. Энэ түүхэн өөрчлөлтийн өмнөхөн өөрийн үнэлгээ хийгдэж байгаа нь маш чухал ач холбогдолтой гэж Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан онцоллоо.
Тэрбээр цааш нь хэлэхдээ, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, өөрийн үнэлгээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийг байгуулаад байна. Ажлын хэсэгт УИХ-ын 9 гишүүн ажиллаж байгаа. Үнэлгээний бэлтгэлийг хангах хүрээнд мэдлэг олгох, мэргэшүүлэх сургалт, санал солилцох уулзалтуудыг ОУПХ болон Монгол Улсын ХЭҮК, сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулан 2023 оны 04, 09 дүгээр сард зохион байгуулаад байна. Үнэлгээ хийх үйл ажиллагаанд олон улсын зөвлөх болон ОУПХ-ны мэргэжилтнүүд, хүний эрх, жендэрийн үндэсний зөвлөхүүд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллана.
Улсын Их Хурал, түүний Тамгын газар энэхүү өөрийн үнэлгээний үр дүнг Монгол Улсын Их Хурлын 2025-2028 оны стратеги төлөвлөгөөнд тусгаж, ОУПХ-ны дараагийн ээлжит чуулганы үеэр үр дүнгээ танилцуулах болно гэв.
ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонг Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбооны хооронд байгуулсан санамж бичиг 2024 онд дуусгавар болох бөгөөд хугацааг сунгах, шинэчлэх боломжийг судална гэлээ.
Тэрбээр, ОУПХ-ноос парламент дахь эмэгтэйчүүдийг хүйсээр алагчлах үзэл, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн дарамтын талаар Ази тивийн хэд хэд улс орнуудыг хамарсан судалгааг эхлүүлсэн бөгөөд уг судалгаанд Монгол Улсын Их Хурлыг идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Уулзалтын төгсгөлд ноён Мартин Чунгонг Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газартай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа бодитой үр дүнд хүрч байгаад сэтгэл хангалуун байгаагаа дахин илэрхийлж, хүний эрх, жендэрийн мэдрэмжийн өөрийн үнэлгээ нь Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг улам боловсронгуй болгоход чухал хувь нэмэр оруулаад зогсохгүй, дэлхийн бусад улс орнуудын парламентад сайн туршлага болно гэдэгт итгэл төгс байна гэлээ