Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр /2024.08.22/ хуралдаж, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг УИХ-ын чуулганы 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүлсэн. УИХ-ын даргын 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 38 дугаар захирамжаар тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулан байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Д.Жаргалсайхан, Г.Лувсанжамц, Д.Рэгдэл, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг Б.Энхбаяр нар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтан ажилласан юм.
Тус ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ танилцуулга хийсэн.
Ажлын хэсэг УИХ-ын 21 гишүүнээс 148 санал, мэдээллийн холбооны операторуудын ассоциаци, “Монголын оюуны өмч хамгаалах холбоо” ТББ-аас болон холбогдох яамдаас 45 санал ирүүлсэн хэмээн танилцуулгын эхэнд онцолсон. Тэрбээр, Ажлын хэсэг тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхдээ дээрх саналууд болон УИХ-ын 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцэх үед давхардсан тоогоор нийт 51 гишүүнээс хэлсэн саналыг судлан 72 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэсэн хэмээн танилцуулав. Зарчмын зөрүүтэй саналуудын томьёолол агуулгын хувьд дараах хүрээг хамарч буй аж.
1. Тогтоолын төслийн хавсралтын өмнөтгөл хэсэгт буй Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт арга хэмжээтэй давхардуулан дурдсан зарим арга хэмжээг хасаж, өмнөтгөл хэсгийг бүхэлд нь өөрчлөн найруулжээ.
2. УИХ-ын гишүүд төрийн болон төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн саналыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт нийцсэн байдал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгах боломжтой эсэхийг нь харгалзаж үзэж мөрийн хөтөлбөрт тусгах шаардлагатай төсөл, арга хэмжээг нэмж тусгасан байна.
3. Өргөн мэдүүлсэн төслийн зарим зорилт арга хэмжээнд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах найруулгын шинэ засвар хийсэн байна.
4. Төслийн 2 дугаар хавсралтад зах зээл дэх төрийн оролцоог бууруулах гэсэн шалгуур үзүүлэлт нэмж тусгажээ.
Ажлын хэсгийн танилцуулгын дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу бусад Байнгын хороодоос дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлснийг нэгбүрчлэн хуралдаанаар сонсож, танилцав.
Дараа нь УИХ-ын гишүүд Ажлын хэсгийн танилцуулга, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсний Ажлын хэсгээс боловсруулсан болон Байнгын хороодоос танилцуулсан, УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо