Нүүр хуудасМэдээГССҮТ-өөс Тайваний “TRI-SERVICE” эмнэлэгтэй хамтран өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээг нэвтрүүлэх сургалт эхлүүллээ

ГССҮТ-өөс Тайваний “TRI-SERVICE” эмнэлэгтэй хамтран өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээг нэвтрүүлэх сургалт эхлүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэгт суурилуулсан барокамер буюу өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээг тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх үүднээс есдүгээр сарын 1-ний өдрөөс Тайваний “Tri-Service” эмнэлгийн эмч, сувилагч нартай хамтран нэг сарын хугацаатай ажлын байран дахь сургалтыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, Эмнэл зүй хариуцсан дэд захирал О.Хишигсүрэн, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг тэргүүтэй удирдлагын баг өнөөдөр Тайваний “Tri-Service” эмнэлгийн их эмч M.D. PhD Shan Yueh Chang, сувилагч Ms. Miao-Hsia Hau нарыг хүлээн авч уулзлаа.

Барокамер буюу өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээ нь эсийн анхдагч түвшинд эд эсийн хөгшрөлтийг удаашруулж, сэргэлтийг түргэсгэх боломжтой дэвшилтэт технологи бөгөөд эд эсийн түвшинд гэмтлийн гаралтай архаг явцтай том хэмжээний шарх, түлэгдлийн шарх, халдварлагдсан шарх, ясны идээт үрэвсэл, тархины хүнд гэмтэл болон бусад олон өвчлөлийн үед эдгэрэлтийн явцыг түргэсгэх өндөр ач холбогдолтой эмчилгээний нэгэн арга юм.

Тиймээс дээрх сургалтаар уг төхөөрөмжийг хэрхэн ашиглах, эмч, мэргэжилтнийг сургаж чадавхжуулах, эмчилгээний явц болон үр дүнд хяналт хийх, аюулгүй ажиллагааг бүрдүүлэх, үйлчлүүлэгчдэд үзүүлэх тусламж үйлчилгээний заавар, журмын талаар сургалтын хөтөлбөр гарган ажиллаж эхэллээ.

Цаашид уг эмчилгээг хэрхэн зөв зохион байгуулах, тусламж үйлчилгээнд хэрэгцээтэй бусад зүйлсийн талаар ГССҮТ-ийн удирдлагууд Тайваний эмч, сувилагч нартай зөвлөлдөж, цаашдын үйл ажиллагаагаа ярилцсан байна.

ГССҮТ-өөс 2016 онд Тайванийн Эрүүл мэндийн байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан хамтарсан сургалт зохион байгуулж, эмч мэргэжилтнүүдээ Тайваний эмнэлгүүдэд сургаж байсан бол, өнөөдөр “Tri-Service” эмнэлгийн эмч, сувилагч нарыг эх орондоо урьж, салбар эмнэлэгтээ байрлуулан ажлын байран дахь сургалтыг зохион байгуулж буй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН