“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяарх хичээл
Бүгд Найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд улс орон даяар ерөнхий боловсролын бүх сургууль 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагт “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдэвт хичээлийг зааж байгаа юм. Нийслэлийн ерөнхий боловсролын III сургуулийн М.Атарбаян багштай 8Б ангийн хичээлийг сурвалжлав. М.Атарбаян багш Улсын Их Хурлын Тамгын газар Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран 2021 онд хэрэгжүүлсэн “Парламентын боловсрол-Сургагч багш” хөтөлбөрт хамрагдаж байжээ.
Хичээлийн эхэнд багш сурагчдаас мэддэг хуулиудаа нэрлэхийг хүсэхэд “Үндсэн хууль” хэмээн хэдэнтээ дурдагдав. Үргэлжлүүлэн 8Б ангийнхан өөр өөрийн “Монгол Улсын Үндсэн хууль” бяцхан номыг өнөөдрийн хичээлийн үеэр бүтээх даалгавар авсан юм.
Үндсэн хуулийн тухай олон янзын тодорхойлолтыг М.Атарбаян багш сурагчдад танилцуулав. Улсын гол хууль, бүх хуулийн үндэс суурь, нийгмийн суурь харилцааг зохицуулдаг, төрийн байгууллагын эрх үүрэг буюу эрх мэдлийг хуваарилсан хэмээн тодотгож болох ҮНДСЭН ХУУЛЬ бол тухайн улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, төрийн байгууллагын тогтолцоо болон хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх эрх зүйн үндсийг тогтоосон, улс орон даяар нэг мөр, тогтвортой хэрэгжих дээд хүчин чадал бүхий суурь хууль болохыг тэрбээр сурагчдадаа тайлбарлав.
Монгол Улс түүхэндээ дөрвөн Үндсэн хууль баталсан 1924 онд баталсан анхдугаар Үндсэн хуулиар Бүгд Найрамдах улсыг тунхаглаж, ард түмэндээ төрийн хэрэгт оролцох эрхийг заасан. 1940 онд баталсан Үндсэн хуульд “БНМАУ бол … хөдөлмөрчдийн (малчин, ажилчин, сэхээтэн) тусгаар тогтносон .. улс мөн.” хэмээн зааснаараа онцлогтой. 1960 оны Үндсэн хуульд “БНМАУ бол ажилчид, хоршоолсон ардууд (малчин тариачид), хөдөлмөрч сэхээтний социалист улс бөгөөд түүний үндэс нь ажилчин анги, хоршоолсон ардын холбоо мөн” хэмээн заасан бол өдгөө мөрдөгдөж буй 1992 онд баталсан Үндсэн хуульд “Монголын ард түмэн бид эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно” гэж заасан болохыг М.Атарбаян багш тайлбарлаад, сурагч бүрийг бяцхан номынхоо хавтсыг бүтээх даалгавар өгсөн.
Үргэлжлүүлэн багш, сурагчид Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын сургалт, судалгааны хүрээлэнгээс боловсруулсан “Парламентын боловсрол” нээлттэй хөтөлбөр дэх “Үндсэн хууль” видео хичээлийг үзэж, агуулгын хүрээнд товч хэлэлцүүлэг өрнүүлсэн. Дараа нь сурагчдыг тус тусын бяцхан номоо өнөөдрийн хичээлийн сэдвийн хүрээнд баяжуулж, тэмдэглэл хөтлөх даалгавар өгөв. 8Б ангийнхан багт хуваагдан, хичээлээ үргэлжлүүлж, баг тус бүр Үндсэн хуулийн талаарх ойлголтоо нэгтгэн зурагт хуудас болгон ангийнхандаа танилцууллаа.
Хичээлийн төгсгөлд М.Атарбаян багш “Kahoot it” интерактив тоглоомын платформ дээр “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдэвт хичээлийн хэн сайн ойлгосон талаарх уралдаан зохион байгуулж, ялагчийг тодруулаад “Монгол Улсын Үндсэн хууль” бяцхан номоо хичээлийн дэвтэртээ хавсаргахыг даалгавар болгов.
Улсын Их Хурлаас “Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай” 64 дүгээр тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтоосон