Монгол Улсын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт богино, дунд, урт хугацаанд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Тогтвортой хөгжлийн суурь дэд бүтцийг бий болгох уг төсөл, хөтөлбөрүүдэд барилгын салбарынхан хэрхэн оролцох талаар гишүүн байгууллагуудын саналыг сонсох уулзалт, хэлэлцүүлгийг арванхоёрдугаар сарын 18-нд зохион байгууллаа. Тус уулзалтад “Монголын үндэсний барилгын ассоциаци” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Батсүх, “Монголын Барилгын гүйцэтгэгч байгууллагуудын холбоо”-ны ерөнхийлөгч Ц.Эрдэнэбат, “Нийслэлийн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн захирал У.Баатар болон “Монголын үндэсний барилгын ассоциаци” ТББ-ын гишүүн байгууллагын төлөөллүүд биечилж болон цахимаар оролцсон юм.
Монголын Барилгын гүйцэтгэгч байгууллагуудын холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын зөвлөх инженер Ц.Эрдэнэбат “Мега төслүүд ба өнөөгийн байдал” сэдэвт илтгэл тавьж, “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах НТХН”-ийн захирал У.Баатар “Түгжрэлийг бууруулахад авч хэрэгжүүлж буй төслүүдийн ач холбогдол”-ын талаар танилцууллаа. Монгол Улсын зөвлөх инженер Ц.Эрдэнэбат “Улаанбаатар метро төсөл манай хотын “амь” нь болох ёстой. Улаанбаатар хот орчин үеийн метрополис хотуудын нэг болж, Монгол хүний амьдралын хэв маягийг цоо шинэ түвшинд хүргэнэ гэж харж байгаа” хэмээв.
“Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн захирал У.Баатар “Түгжрэлийг бууруулах 6 багц төсөл хэрэгжүүлнэ. Мега төслүүдийн ТЭЗҮ-ийг боловсруулж, суурь судалгааны ажил хийгдэж байгаа бөгөөд их бүтээн байгуулалтын ажлууд гараанаас гарч буй” гэдгийг дурдав. Түүнчлэн стратегийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ олон улсын жишигт нийцсэн, бүх талын нөлөөллийг тооцсон, олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо (ФИДИК)-ны жишиг гэрээнүүдийг сонгон барилгын салбарт нэвтрүүлж хэрэгжүүлэх нь барилгын компаниудад томоохон өөрчлөлт авчирна” гэдгийг онцолсон юм.
Уулзалтын төгсгөлд ФИДИК-ийн жишиг гэрээг нутагшуулах, барилгын салбарт хэрэгжүүлэх санал боловсруулахад хамтран ажиллахаар “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах НТХН” УТҮГ, “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ