Монгол Улсын Засгийн Газрын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны 38 дугаар тэмдэглэлийн 7-р заалтад Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэн, Оюу толгой төслийн ажилтнуудыг Ханбогд суманд тогтвор суурьшилтай амьдрахад зориулсан хүртээмжтэй, таатай нөхцөл бүхий орон сууцны хорооллыг байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг Өмнөговь аймгийн Засаг даргад даалгасан. Үүнтэй холбоотойгоор Оюу Толгой ХХК-ийн Монгол Улсын Засгийн Газрын 34 хувийн хувьцааг эзэмшигч “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүү болон Ханбогд төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн менежер Б.Чулуунбаатар нар Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбаттай уулзалт зохион байгууллаа.
Өмнөговь аймгийн Ханбогд сумыг Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар 2025 оны нэгдүгээр сараас хот болгох шийдвэр гарсан. Орон нутгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө,төрөөс баримталж буй Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангах хүрээнд ирэх жилүүдэд Ханбогд суманд иргэдийн тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах нөхцөл бүрдүүлэх, оюу толгой төслийн ажилтнуудыг тогтмол ажлын байраар хангах, хотын стандарт орчныг бий болгох зэрэг зорилгоор Ханбогд суманд орон сууцны хорооллын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Энэ хүрээнд талууд хамтран ажиллаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэн, иргэд олон нийтэд зөв мэдээлэл өгөх зэрэг асуудлаар харилцан санал солилцож, хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо.