Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел нарын ивээл дор Чингис хаан Үндэсний музей Чехийн Үндэсний музейтэй хамтран “Чингис хаан” /”Chinggis Khan”/ олон улсын үзэсгэлэнг Прага хотноо амжилттай нээж,(2025.03.11) олон нийтэд толилуулж эхэллээ.
Энэхүү олон улсын үзэсгэлэнд тавигдсан үзмэрүүдийн дийлэнхийг Чингис хаан Үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн үзмэрүүд бүрдүүлж, үлдсэн хэсэг нь Чехийн Үндэсний музейн үзмэрүүд тавигдсанаар, Чингис хаан Үндэсний музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд дэлхийн том музейдэд ийнхүү хоёр дахь удаагаа амжилттай дэглэгдэж байгаа юм.

Үзэсгэлэнд нээлтэд оролцож буй Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун хэлэхдээ, Чингис хаан болон Монголын эзэнт гүрний хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн нөлөө, түүний эзлэх байр суурь, түүхэн үнэнийг өнөө болон ирээдүй хойч үед зөв танин мэдүүлэх, нүүдлийн иргэншилт монголчуудын өв соёлын онцлогыг сурталчлах, шинжлэх ухаан танин мэдэхүйн хамтын үр дүнг үзүүлэхэд Чехийн Үндэсний музейтай сүүлийн хоёр жил хамтран ажиллаж хоёр улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор үзэсгэлэнгээ нээж байна. Монгол Улс, Чех улс нь одоогоос нэгэн жарны тэртээ Чех улсын эрч хүч, идэвх санаачилгатай археологич Лумир Ийслийн санаачилгаар Монгол Улсын археологич эрдэмтэд хамтран “Монгол нутаг дахь Түрэгийн эзэнт улсын түүх”-нд холбогдох Орхоны хөндийн тахилгын байгууламжид ажилласан. Уг археологийн судалгаа нь Монгол улсын эрдэмтэд өрнөд Европын улстай анх удаагаа хамтран ажилласан түүхийн эхлэл үргэлжилсээр өнөөдрийн үзэсгэлэнд олон онцгой үзмэрүүд тавигдсан. Чингис хаан үзэсгэлэн нь Чех улсад албан ёсоор гарч буй Монголын анхны бие даасан соёлын өвийн үзэсгэлэн бөгөөд хоёр улсын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны нэгэн шинэ үеийг эхлүүлж байна” гэлээ.

Нээлтийн ёслолын арга хэмжээнд хоёр орны төрийн тэргүүн, Засгийн газрын гишүүд оролцсоноос гадна Чингис хаан Үндэсний музейн дэргэдэх “Хаан Найрал” чуулгын үзүүлбэр арга хэмжээг нээж, нээлтийг чимээд байна.
Прага хотноо дэглэгдсэн тус үзэсгэлэнг 2025 оны 03 дугаар сарын 11-нээс 06 дугаар сарын 22-ныг хүртэл толилуулах бөгөөд “Чингис хаан” үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн 698 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлийг дэлгэж буй.

Ташрамд сонирхуулахад Чингис хаан Үндэсний музей нь 2023 онд Францын Нант хотноо, 2024 онд Улаанбаатар хотноо “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” нэртэйгээр гарсан үзэсгэлэнг ховор сонин үзмэрээр баяжуулан “Чингис хаан” нэртэйгээр дэлгэж байна.