Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол-Туркменистаны уран бүтээлчдийн хамтарсан “Хүндэтгэлийн тоглолт” 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа толилууллаа.
Тус тоглолтод Туркменистан Улсын Соёлын сайд Атагельди Шамурадов, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн болон албаны төлөөлөл оролцсон ба Монгол Улсын талаас хамтын ажиллагаагаа бэлгэдэж уран бүтээлийн дээжээс бэлэг барилаа.
Хамтарсан тоглолтод Туркменистаны соёл, урлагийн салбарын төлөөлөл болох тус улсын Ардын жүжигчин Дильбер Рахманова, Суханберди Оразбердиев, Гавьяат жүжигчин Айна Сейитгулыева болон ардын бүжгийн Мирас хамтлаг, Монгол Улсаас Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучид, Үндэсний Урлагийн их театрын бүжигчид, Улсын филармонийн Баян Монгол чуулгын нийт 80 гаруй уран бүтээлчид оролцов.