Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор авто замын бүтээн байгуулалтын чиглэлээр томоохон төслүүдийг нийслэлээс үе шаттай хэрэгжүүлж буй. Улаанбаатар хотын гол гудамж замууд хэт ачаалалтай, замын сүлжээ нь төв рүү чиглэн Энхтайваны өргөн чөлөөний гол гудамж зам руу хуримтлагдаж түгжрэл үүсгэдэг учир төвийг тойрон гарсан гол гудамж замыг барихаар төлөвлөсөн нь “Шинэ тойрог зам” төсөл юм. Уг төсөл нь “Нэгдүгээр тойрог зам”, ”Хоёрдугаар тойрог зам” гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Энэхүү төслийн нэг нь болох “Нэгдүгээр тойрог зам” төслийн 24.7 км урттай замын зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, авто замын төсөлтэй холбоотой барилга угсралтын ажлын тендерийг 2025 оны есдүгээр сарын 11-ний өдөр нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас EPC+F нөхцөлөөр зарласан. Тендерийн материалыг хүлээн авч байгаа бөгөөд энэ хүрээнд сонирхогч талуудад гурван удаагийн тодруулга мэдээллийг албан ёсоор хүргүүлээд байна. Тендерийг нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар шалгаруулах юм.
НТУГ-ын Судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтийн алба, төслийн гүйцэтгэгч “Си Эс Си И Айком Консалтантс” ХХК хамтран хийсэн судалгаанаас харахад, тус төсөл 2030 онд хэрэгжсэнээр Улаанбаатар хотын замын түгжрэл дунджаар 19–20 хувиар буурах тооцоолол гаргасан байна. Тухайлбал, Их тойруу, Нарны зам зэрэг гол гудамжны ачаалал 10–20 хувь, Москвагийн болон Энхтайваны өргөн чөлөө зэрэг замын ачаалал 20–40 хувь, харин Ажилчны гудамжны ачаалал 40 гаруй хувиар буурах тооцоолол гарчээ.
НИЙСЛЭЛ: Нэгдүгээр тойрог замын төслийн тендерийн материал хүлээн авч байна
