Нүүр хуудасМэдээТ.Аубакир: Монгол улс Бүгд Найрамдах Казахстан улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулна

Т.Аубакир: Монгол улс Бүгд Найрамдах Казахстан улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулна

Засгийн газрын өнөөдрийн /2025.10.15/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Монгол Улсын Засгийн газар нь хилийн чанадад оршин сууж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор Монгол Улсын иргэд олноор ажиллаж амьдардаг гадаад улс орнуудтай нийгмийн хамгааллын хэлэлцээрийг байгуулан ажилладаг.

Энэ хүрээнд Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Чех Улс зэрэг 6 улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулан хэрэгжүүлж байгаа бол 4 улстай нийгмийн хамгааллын хэлэлцээрийг шинэчлэх, шинээр байгуулахаар ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг Улаанбаатар хотноо 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан бөгөөд Хэлэлцээрийг Монгол Улсын Их хурал соёрхон баталснаар хэрэгжинэ.

Ингэснээр хоёр улсын иргэд Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсад ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох, Монгол Улсын иргэд БНКУ-аас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэж, тухайн хүний ирээдүйн нийгмийн баталгаа сайжрах юм.

Гадаад харилцааны яамны мэдээллээр 2023 оны байдлаар БНКУ-д Монгол Улсын 8,036 иргэн оршин сууж байгаагаас 3,115 иргэн албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээллээр Монгол Улсад БНКУ-ын 564 иргэн оршин сууж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН