УИХ-ын чуулганы өнөөдрийн (2025.11.05) хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 08 дугаар дүгнэлтийг хэлэлцэх байв. УИХ дахь Ардчилсан намын бүлэг Үндсэн Хуулийн Цэцийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Их суудлын хуралдааны 08 дугаар дүгнэлтийг дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзээд ажлын 5 хоногийн завсарлага авав.

Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон баталлаа.
Хэлэлцээрийг соёрхон баталж хэрэгжүүлж эхэлснээр хоёр улсын аль нэгэнд шилжин суурьшсан иргэн 1998 оноос өмнө Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсад ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн хоёр улсын хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр тогтоолгох;

1998 оноос хойш Бүгд Найрамдах Казахстан Улсад хуримтлалын тэтгэврийн санд шимтгэл төлсөн Монгол Улсын иргэн Бүгд Найрамдах Казахстан Улсын хуримтлалын тэтгэврийн сангаас тэтгэвэр тогтоолгон авах боломж бүрдэж тухайн хүний ирээдүйн нийгмийн хамгааллын баталгаа хангагдах юм.
2023 оны байдлаар БНКУ-д Монгол Улсын 8,036 иргэн оршин сууж байгаагаас 3,115 иргэн албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол Монгол Улсад БНКУ-ын 564 иргэн оршин сууж байна.






