Нүүр хуудасМэдээЕрөнхий сайд Г.Занданшатар: Монгол улсын хүүхэд, гэр бүлийн хөгжил нь олон улсын...

Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол улсын хүүхэд, гэр бүлийн хөгжил нь олон улсын түншлэлээр илүү урагшлах ёстой

Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ой, Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэний 35 жилийн ой, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад суугаа элчин сайд нар, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчдийг урьж, хүүхэд, гэр бүлийн хөгжил, гадаад харилцааг эрчимжүүлэх зорилготой “Хүүхэд-Хайр-Ирээдүй” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар оролцож, Монгол Улсын Засгийн газрын хамгийн том мега төсөл нь ХҮНИЙ ХӨГЖИЛ, хүүхэд, гэр бүлийн хөгжил юм гэдгийг онцолж, хүрэлцэн ирсэн элчин сайд, олон улсын байгууллагын суурин төлөөлөгч нарт хүүхдийн төлөө үйлсэд хувь нэмрээ оруулан, хүүхдийн эрх, хөгжил оролцоо, зөв төлөвшил, хүмүүжлийг дэмжих төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг хүслээ.

Сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалж, үе тэнгийнхний дээрэлхэлтийг бууруулах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, мансууруулах бодис, архи тамхины хэрэглээнээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн өвчлөл, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, тоног төхөөрөмж худалдан авах, Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборын засвар, шинэчлэлт зэрэг томоохон хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх бодлогын өөрчлөлтийг эхлүүүлээд байна.

Монгол Улсын хүүхэд, гэр бүлийн хөгжил нь дотоод бодлого биш олон улсын түншлэлээр илүү урагшлах ёстой. Иймд Монгол Улсын Засгийн газар дараах зорилтод хамтран ажиллах хүсэлтэй байна.

•Хүүхэд, гэр бүлд ээлтэй орон сууц, орчны хамтарсан төсөл хэрэгжүүлэх,

•Монголын хүүхдийн зуслангийн шинэчлэлийн хамтарсан хөтөлбөр,

•Хүүхэд, гэр бүлийн цогц хөгжлийн төвийг байгуулах,

• Хүүхдийн төлөө сангийн хүрээнд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх,

• Олон улстай хамтарсан хүүхдийн эрхийн суурь судалгааны төв байгуулах,

• Боловсролын салбарт Digital education online learning чиглэлээр хамтран ажиллаж, заахаас суралцахуй руу чиглэсэн цогц реформ хийх зэрэг олон чухал асуудлыг хөндөж, хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр олон улсын байгууллага, хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриаллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН