“Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-ийн ажлын хэсэг Барилгын хөгжлийн төвд өнгөрсөн 7 хоногт ажиллан, архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын үйл ажиллагаанд улсын үзлэгийг явууллаа. Уг үзлэгийн хүрээнд Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Монгол хэлний тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль зэрэг архив, албан хэрэг хөтлөлттэй холбоотой холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын үйл ажиллагааны түвшинг тогтоон дүгнэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмжийг өглөө.

Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2025.12.23) тус төвийн удирдлага, албан хаагчдад архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын үзлэгийн дүнг танилцуулав.

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа нь стандартын шаардлагыг холбогдох хууль, тогтоомж, журам, зааврыг ханган, архивын хадгалалт, хамгаалалт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын үйл ажиллагаа сайжирч, амжилттай хэрэгжиж байна хэмээн дүгнүүллээ.






