УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төв”-ийн нээлтэд оролцлоо. Засгийн газраас Монгол Улсыг бизнес, хөрөнгө оруулалтад ээлтэй орон болгож, хууль эрх зүйн орчныг сайжруулж, төрийн захиргааны байгууллагын бүтэц зохион байгуулалтад бодлогын томоохон өөрчлөлтүүдийг хийхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яам “Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төв”-ийг нээлээ.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр төвийн нээлтэд хэлсэн үгэндээ “Монгол Улс эдийн засгаа хурдасгах, экспортоо нэмэгдүүлэх, үйлдвэрлэлээ өргөтгөх, ажлын байр бий болгох зэрэг олон чухал зорилтыг дэвшүүлж байна. Эдгээрийн суурь нь хөрөнгө оруулалт бөгөөд энэ үйл явц хувийн хэвшлийн манлайлал дор явах ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулалтын нөхцөл байдал төдийлөн сангүй байна. Тиймээс Засгийн газраас Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Мөн Зөвшөөрлийн тухай хуулийн хэлэлцүүлэг эхэлсэн. Худалдааны зохицуулалтын хуулийг хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна” гэв.





