УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат Өмнөговь аймагт ажиллаж буй энэ удаагийн томилолтын сүүлийн буюу 13 дахь уулзалт Цогтцэций суманд боллоо.
Уул уурхайн бүтээн байгуулалт ид өрнөдөг Цогтцэций сумын иргэдэд Говийн бүсээс УИХ-д сонгогдсон гишүүд УИХ-ын үйл ажиллагаа, төрийн бодлого, шийдвэрийг танилцуулж, тойрогтоо хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа тайлангаа тавилаа.

Цогтцэций сум нь аймгийн төвөөс зүүн тийш 100 км зайд оршдог. Дэлхийд томоохонд тооцогдсон, өндөр чанартай коксжих нүүрсний нөөц бүхий “Таван толгой” Энержи ресурс зэрэг уурхай энэ суманд үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд хүн амын тоо нь эрс өсч хамгийн олон хүн амтай сумын төвийн нэг болсон.
Тус сумын иргэд уулзалтад идэвхтэй оролцож өөрт тулгамдаж буй асуудал, саналуудыг хэлж хариу тодруулга авлаа.
– Тээвэрчдийн төлөөлөл болсон иргэд Эрдэнэс таван толгой компанийн нүүрс тээврийн замаар өдөрт олон зуун машин явж өндөр хураамж төлж компани ашиг олж байгаа ч зам засварын ажлаа чанартай хийхгүй, аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байгаа талаар гомдол гаргав.

– Уурхайн тоосжилт их байдагтай холбоотойгоор арьс, харшлын эмгэг, өвчтэй иргэд олширч байгаа тул нарийн мэргэжлийн эмч ажиллуулахыг олон иргэд дэмжиж байлаа.
– Уул уурхайн компаниуд орон нутгаас ажиллах хүчин авахыг дэмжинэ гэж ярьдаг боловч бодит байдал дээр маш хангалтгүй байгаа тухай.
– Боловсролын байгууллагын ажилтнуудаас багш нарын цалингийн нэмэгдэлийн тухай одоо болтол нэгдсэн ойлголт өгөөгүй байна. Нэгдүгээр сарынхаа цалинг гүйцэд аваагүй, анги даалт, илүү цагийн нэмэгдэл зэргийг яаж олгох, хоол унааны мөнгийг олгох эсэх нь ч ойлгомжгүй байна гэсэн саналыг хэлж байлаа.






