Нүүр хуудасНийтлэлУрсаад өнгөрөх энэ орчлонд хэн хэндээ зөөлөн хандаарай

Урсаад өнгөрөх энэ орчлонд хэн хэндээ зөөлөн хандаарай

Та хэн нэгнээс болж ажлаа үзэн ядаж, өөрийнхөөрөө инээж ч чадахгүй байгаа юм биш биз. Өдөр бүр дуртай явдаг ажилдаа дургүй болчихсон, өглөөний нарыг харахдаа ч жаргалтай байхаа больчихсон юм биш биз. Эсвэл хэн нэгэн хүн танаас болоод дуугаа хурааж, хоолоо ч идэхээ больсон юм биш биз. Нэг муудалцаа л биз тэр хүнийг өдөр бүр бодож стрессдэх хэрэг байна уу.

Бид үнэндээ 100 жилийн дараа амьд байх эсэх нь тодорхойгүй хорвоогийн нэгэн тоос болж шороонд булагдана шүү дээ. Өнөөдөр 100-ийн талыг наслах ч хэцүү боллоо шүү дээ. Зөв хооллох, зөв хэмнэлтэй амьдрах, өөрийн бусдын болон нийгмийн асуудлаас болоод зөв цагтаа ч унтаж амарч чадахгүй болжээ.

Дөнгөж 20, 30 хүрсэн залуучууд цаг бусаар, гэнэтийн өвчнөөр ч маргааш нь хэзээ ч нүд нээхгүйгээр биднийг орхиж байна. Тэр үед магадгүй ганц удаа баярлалаа гэж хэлэх минь яав даа, хайртай шүү гэж хэлж чадаагүйдээ харамсах үе бишгүй л тохиолддог. Бид нэгнээ үзэн ядаж, үл тоож амьдрахад хэтэрхий богинохон бас хэтэрхий завгүй нийгэмд амьдарч байна.

Монголд болох бүтэхгүй олон асуудал, утаа, түгжрэл, авилгал гээд миний таны шууд шийдэж чадахгүй тийм л асуудлууд бугшсаар. Харин бид нэгэндээ зөөлөн хандаж, нэгэндээ урмын үг хэлж, нэгнээ хайрлаж чадах хэвээрээ байгаа гэдгээ харуулмаар цаг үе иржээ. Эцэст нь хэлэхэд нэгэндээ зөөлөн хандаарай. Танд харагдахгүй ч хэн хүнгүй л өөр өөрийн ачааг нуруундаа үүрч л яваа байх. Тэр ачаанд нь та ч болтугай битгий жин нэмээрэй.

Бичсэн: К.Золзаяа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН