Нүүр хуудасТэмдэглэлТүрүүлээд одсон гэр бүлдээ сүү өргөж, өдөр хоногийг уйтай өнгөрүүлэх нэгэн.., түүний...

Түрүүлээд одсон гэр бүлдээ сүү өргөж, өдөр хоногийг уйтай өнгөрүүлэх нэгэн.., түүний цээжинд үргэлжийн гуниг хуржээ

Холхиж буй хүмүүс хувцсаа нимгэлсэн харагдах нь хавар ирснийг илтгэх шиг.  Энд бүүдгэр агаад бүгчим, хааяа нэг сэвэлзэх салхи их дэлгүүрийн дэргэдэх эвдрэлтэй шороон замын тоосыг газар сайгүй бургиулах юм. Гарцаар гарах хүмүүс хэдэн эгнээ болоод зогсчихсон, зарим нь амандаа дуу аялан, утсаар ярин, зурагаа татуулан, зугаа болгож бохь ч зажилж харагдах.

Дэргэдэх хүмүүсээ сонжин ажваас тийм, ийм гэж тааварлахын аргагүй төрхтэй нүүр тулна. Толгойн оройгоос хөлийн ул хүртлээ тэд өөрсдийн гэсэн өнгө төрхийг бүтээжээ. Харин зөрж өнгөрөх түмэн царайн дундаас дэлгүүрийн гадна цаас дэвсээд суучихсан өвөөгийн минь насных болов уу даа гэмээр жирийн нэгэн настан намайг соронздон татлаа.

Зорьж очих эсэхдээ эргэлзэж хэдэнтээ зангав. Танил хүн минь биш, тухалж суугаа ч хүн биш зөрж өнгөрөх бүхнээс өглөг горьдох түүн рүү шуудхан очъё гэхэд зориг минь арай ч хүрсэнгүй. Гэсэн ч элдвийг бодохоосоо урьтаж өмссөн куртканыхаа халаасыг тэмтэрч мөнгөтэй эсэхээ шалгаад түүний зүг зориглон алхлаа. Миний хэн байх нь тэр өвөөд хамаа ч үгүй мэтээр очоод мэндийг нь мэдчихлээ. Чухам юу бодож санадаг, төсөөлж төлөвлөдгийг нь мэдэхгүй болохоор мэндлэх хоорондоо хараа гүйлгэж өмсөж зүүсэн агаад ярьж хэлж буйгаар нь түүнийг дүгнэхийг оролдов.  Гуйлга гуйгаад суудаг хүн гэхэд гутал нь тоосгүй цэмбэгэр юм, аваад удаагүй бололтой гэсэн бодол зурсхан төрөхөд өөр зүйлийн талаар бодоосой гэж өөртэйгөө зөрчилдөх минь тэр. Өмссөн хувцас нь хир толбо ч үгүй тэр хүнтэй хэсэг ярилцсаны дараа сэтгэл нь ч мөн тийм юм гэсэн бодолд хүрсэн билээ.

Нүдэнд үл үзэгдэх сэтгэлийн чанадаас намайг өөр рүүгээ даллан дуудсан түүнийг Батчулуун гэдэг. Хэнтий аймгийн угшилтай, тэндээ өсөж торнижээ. Залуудаа мал ахуйтай ойр өссөнийх үү? 70 настай гэхэд бие нь хөнгөн шингэн, эрүүл саруул харагдах юм. Осолд орж хоёр хөлөө гэмтээснээс өөрөөр өвтгөж, шаналгадаг өвчин үгүй гэж өөрөө ч хэлсэн юм.  “Бог, бодоор нь мал хариулдаг байсан” гэж ярихдаа харц нь тунчиг бахархалтай. Хотноосоо холдож, хотыг зорьж ирээд таван жил болжээ. Хамаатан садангүй, хань ижилгүй, үр хүүхэдгүй өдий өндөр настай ч цор ганцаар хүн гэдгийг нь дуулаад сэтгэлд нэг л юм буглаад явчихлаа. Угаас хүндхэн амьдралтай хүн дээр ирчихээд залуу насны жаргалтай түүх сонсоно гэж бодсон юм шиг үйлдэл хийсэн өөрөөсөө ичихдээ юу асуухаа ч мэдэхгүй хэсэг түгдчив би.

Тэтгэврийн хэдэн төгрөг нь амьдрал ахуйд нь хүрэлцдэггүй, нутгаасаа авч ирсэн дөрвөн ханатай ганц бор гэртээ хорооноос өгсөн таван килограмм гурил будаагаар болгож амьдардаг, сүүлийн хоёр хоног махтай хоол идээгүй гээд л болж өнгөрч буй бүхнээ ярилаа. Сонсоход бэрх ч 70 нас хүртлээ энэ бүхнийг даваад туулчихсан хүн байхад би юуны төлөө эмзэглэнэ гэж харин ч хүний сэтгэлийг онгойлгож ярилцаж суугаадаа талархав. “Хамаатан садан минь байсан бол би ингэж аргаа барж, модоо тулж суухгүй. Хаяаг нь бараадаад хачин сайхан амьдрах байсан. Олсон хэдэн төгрөгөө тоолж байгаад оройдоо энэ дэлгүүрүүдээс нэг бөөрөнхий хуушуур авч иддэг юм. Гэртээ хэлгүй хүн шиг байснаас гадаа сууж хэн нэгэнтэй хэдэн үг солих нь дээр, хүнтэй үг солихгүй болохоор өдөр хоногууд урт санагддаг. Тэглээ гээд үхэлтэй нь биш бор гэрээ ачаад зардал гаргаж эзгүй нутаг руу буцаж байснаас эндээ л дуусъя гэж боддог.  Хорвоог ганцаар барна гэхээр даанч хайран юм даа” гэж халаглахдаа өөрөөс нь түрүүлж хорвоог орхисон ханиа дурссан болов уу гэж мэдрэгдэж байлаа.

“Гэр бүлийн хүн минь Говь-Алтай аймгийнх бид хоёр хүүтэй айл байлаа. Цагаан сар өнгөрөөгөөд 2 хүүтэйгээ ханийнхаа нутаг руу явж байгаад осолд ороод тэд бүгд надаас түрүүлээд тэнгэртээ явчихсан. Сая ханш нээгдэх өдөр эндээ сууж байгаад жоохон сүү өргөсөн, яаж бодогдохгүй байх билээ. Зовлон яривал их бий гэхдээ би тэгэхгүй” гэж эр хүний тэвчээрийн хат заах энэ хүний сэтгэл өдөрт хэчнээн удаа өмөрч бэтгэрч, өдөрт хэчнээн удаа өөрийгөө барьж босгодгийг даанч таашгүй. Гишгэж яваа газар бүрийн минь эргэн тойронд энэ мэт хэнд ч анзаарагдахгүй буланд шигдэн суугаа хөдөлмөр эрхлэх боломжгүй хэр олон хүн байдаг бол. Тэднийг төр нь мартаж нийгэм нь анзаардаггүй. Орох оронгүй учраас орцонд хоног төөрүүлж, хэн нэгэнд хөөгдөж гарах нь, бусдын идэж байгаад орхисон зүйлээр гэдэс гарч өлөө дарах нь, царай зүс, өмссөн зүүснээрээ бусдад гадуурхагдах нь тэдний хувьд ичих зүйл биш. Энэ улсынхаа хүний тоонд багтаж байгаа ч нийгэм дэх хариуцлагатай иргэнийхээ тоонд багтаж чадахгүй байгаа даа л тэдний сэтгэл хөндүүрлэдэг бизээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН