24.1 C
Ulaanbaatar
Баа, 25 6 сар 2021 18:16:38
Нүүр хуудасТэмдэглэлБаварийн “вант улсад” хийсэн миний аяллын амтат 5 дурсамж

Баварийн “вант улсад” хийсэн миний аяллын амтат 5 дурсамж

Дөнгөж сургуульд ордог жил ээж минь Москвагаар дамжин Чех, Унгар, Герман руу явах болж билээ. Тэр л үед ээжийнхээ бичсэн захидал нэг бүрийг өөрөө аминчлан унших гэж үсэг холбон дуудаж, үг холбон бичиж сурах гээд яаран догдлон байсансан. Битүүхэндээ тээр алсад орших Европ тивийг ширээн дээрх бяцхан бөмбөрцөг дээрээ зааж, хэзээ нэг өдөр тэнд очихсон гэсэн нууцхан хүсэл төрсөн билээ.

Нэгэнтээ хүүхэд насныхаа дурсамжинд хадгалж орхисон буурал Европоор аялах мөрөөдлийнхөө эхлэлийг тавьж, олон зууныг элээж түүхийн гэрч болсон уран барилгууд, хуучны сүм хийдүүд, амтат дарс, шарз, зайдсаараа алдартай Бавари нутгаар аялах боломж өнгөрдөг жилийн намар надад тохиосон юм. Бавари мужийн нэрийг Германд төдийгүй дэлхийд гаргасан олон сайхан зүйл бий ч, хүн гэдэг амьтан хаа явсан газраа сайхан хоол, сайн дарсыг чухалчилж явдаг бололтой. Тиймдээ ч урд зүгийн хэдхэн хотоос өөр хил дамнан аялж үзээгүй надад Европ соёл, түүхийн тод жишээ болсон Баварийн аялал мартагдашгүй дурсамжийг үлдээжээ.

Гэхдээ олон зүйлийг нуршиж уншигч таныг чилээлгүй, аяллыг минь амттай болгосон таван дурсмажийг л онцлохоор шийдлээ. Мундаг тогооч ч юм уу, аль эсвэл тив дэлхийгээр хэрэн аялчихсан орон орны соёлыг нэвт шувт мэддэг мэргэн нэгэн биш учир сийрүүлэн бичсэн амтат дурсамжуудыг минь нэг их гүнзгийн шүүмжгүйгээр сонирхон болгооно уу.

Амтат зайдасгүйгээр төсөөлшгүй оройн зоог
Мужийн нийслэл Мьюнхен хотоос эхэлсэн аяллын хамгийн эхний зоог мэдээж шар айргаар даруулсан амтат зайдас бүхий оройн хоол байлаа. Улаанбаатараас арван есүүлээ хөдөлсөн учир биднийг хүлээж авсан германчууд маань юун түрүүнд нутгийнхаа хамгийн алдартай хоол болох зайдасны цуглуулгаар дайлах санал тавьсан юм.
… Эгээ л хүүхэд байхдаа кинон дээрээс харж байсан модон хаалгатай хуучны хэв маягийг санагдуулам уушийн газарт, үндэсний хувцсаа донжтойхон өмссөн ахимагдуу насны зөөгч эмэгтэй бидэнд үйлчлэв. Бараг л эмээгийн минь үе тэнгийн гэмээр тэр эмэгтэйн бавари аялга, чанга дуу анх удаа очиж буй миний чихэнд сонин содон байлаа. Түүний чангаар хашхичин ийш тийш том том шилэн аягатай шар айргийг сурмаг зөөж, ширээн дээр шидлэх шахам тавих нь сонихон бөгөөд зугаатай харагдсаныг яана. Түүнийх шиг үндэсний хувцсыг зардаг дэлгүүрүүд худалдааны гудамжинд, тав алхаад л таарах аж.
Дунд ангийн сурагч охин байхдаа л дэггүй дүүгийнхээ Герман хэлний хичээлийг давтуулах хүндхэн үүргийг хүлээж байсны хувьд цээжинд үлдсэн хэдэн герман үгээ хэрэндээ мартаагүй гэж бодож явсан минь эндүүрэл байжээ. Тэдний чанга дуугаар ярилцах хооронд мэдэх ганц ч үгийг шүүрч сонсож чадсангүй. Гэлээ ч англиар ойлголцоод, тав гурван үг солиод байвал санаагаа боломжийн илэрхийлчих янзтай шүү.

Шар айраг бол тэдний нэрийн хуудас
Мьюнхен хот юугаараа алдартай вэ гэж үү? Мэдээж тэднийг Октоберфестгүйгээр төсөөлшгүй юм. Жилдээ зургаан сая гаруй жуулчдыг авчирч чаддаг, 10 дугаар сард уламжлал болгон тэмдэглэдэг энэ баярт дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс зөвхөн шар айраг уух гэж ирдэг гэхийг анх сонсоод ихэд гайхаж билээ. Улаан буудайн тааламжит амт бүхий Баварийн уламжлалыг хадгалсан шүүлтүүргүй шар айраг… Үнэхээр үүнийг л шар айраг гэхгүй юм бол өөр юуг шар айраг гэх вэ гэмээр л. Нэг удаа ууж үзээд л хүмүүс яагаад Октоберфестийг зорин ирдгийг ойлгосон доо. Германд хөл тавьсныхаа дараа очсон хоёр дахь хот болох Хофт ийнхүү магтан дуулах нь холгүй бичиж суугаа шүүлтүүргүй шар айргийг хэр хэмжээндээ амталсаар явсан юм.

Европ өглөөний цай хамгийн гоё нь
Гайхалтай шар айраг, амтат зайдсаар дайлуулсан ч аяллын эхний шөнө мэдээж хүндхэн байсан шүү. Цагийн зөрүүнээс болж шөнөдөө бараг 30-40 минутын зайтай л ойр ойрхон сэрж, харин босох цаг болоход нойрмоглож ядарсан царайтай хүн өрөөнөөсөө гарч ирсэн юм. Бусад маань ч ялгаагүй, миний нэгэн адил хэд дахин сэрсээр ядарч орхижээ. Гэсэн ч бид амрах гэж биш, харийн соёлтой танилцангаа газар үзэхээр ирсэн шүү дээ. Харин нойрноос минь сэрээх хамгийн гоё зүйл зочид буудлын өглөөний цай байна гэж би яаж таахав дээ…
Дор хаяж арван төрлийн бяслаг, нөгөөх зайдаснууд, өнгө алагласан жимсний чанамлууд, шүүснүүд, гахайн утсан мах гээд Европ өглөөний цай дэлхийн хаана ч байхгүй хамгийн сайхан нь юм байна гэдэг бодол эрхгүй төрөхөөр байсан юм даа. Одоо ингээд бичээд суухад ч нүдэнд харагдаж, дөнгөж чанасан кофенийх нь үнэр хамар цоргих ч шиг…
Өө уучлаарай, гэхдээ би хамгийн чухал нэг зүйлийг мартаж орхиж. Мэдээж энэ бол Герман талх. Эртнээс нааш газар тариалан эрхэлж, хөдөө аж ахуйг жинхэнэ утгаар нь хөгжүүлж ирсэн энэ мужид өглөөний цайндаа өнгө өнгийн талхан дээр зүсэн зүйлийн, түмэн төрлийн бяслагийг нь дэвсэж тавиад багахан зайдастай холиод идэх нь жинхэнэ жаргал юм шиг. “Өглөөний цайг өөртөө” гэдэг үгийг манай өвөг дээдэс зүгээр ч нэг хэлээгүй бололтой.

Онцлохгүй байхын аргагүй онцгой амтат бяслаг
Буурал Европын язгууртнуудын хэрэглэж ирсэн хамгийн нандин хүнснүүдийн тоонд зүй ёсоор ордог бяслагны тухай бишгүй олон зүйл сонсож байлаа. Гэвч чихнийхээ хажуугаар урсгаж орхисон тэрхүү бяслаг гээч хүнсийг тэгтэл нь олон янзаар, бүр нарийн уламжлалт аргаар нандигнан хийдгийг нь төсөөлж ч байсангүй. Тэр тусмаа миний зорьж очсон Герман улс Франц, Нидерланд, Итали, Швейцарь, Английн нэгэн адил дэлхийд бяслагаараа танигдсаныг нь нэг их анхаараагүй явжээ. Тэгэхээр миний шагшин магтаж дуу алдаад байсан тэр сайхан өглөөний зоогийн гол хүнс нь ч бяслаг байсан шүү дээ. Зөвхөн Германд л гэхэд хэдэн арван төрлөөрөө байх аж. Хамгийн эртний музей, өдгөө хүртэл хадгалагдан ирсэн сүм хийдүүдийн нэгэн адил бяслаг ч гэсэн тэдний өнө эртнээс уламжлагдан ирсэн гол хүнс гэдэг. Тийм ч болохоор аяллын амтат дурсамжийн тэмдэглэлдээ би бяслагийг онцлохгүй байж чадахгүй нь.

Баварийн мартагдашгүй дарс
Яагаад мартагдахгүй байна гэж үү? Эмэгтэйчүүд бид шар айргийг гоё хэмээн мянгантаа магтавч эцсийн дүндээ дарсыг л илүүд үзнэ шүү дээ. Тэгээд ч эрчүүд шиг шар айргийг хүссэнээрээ их ууж чадахгүйгээс хойш аяллын сүүлийн өдрүүдэд бүсгүйчүүд маань санаа нийлж, очсон газар бүрийнхээ дарсыг шимтэн амталж явсан билээ. Харин урьд өмнө хараагүй, бяцхан атлаа донжтойхон шилтэй дарс бидэнд бүгдэд нь таалагдсан юм даа. Тухайн үед нэрийг нь тогтоож чадаагүй байсан ч, амтыг нь бол огт мартаагүй шүү.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН