Нүүр хуудасМэдээ“The Hu” хамтлаг арванхоёрдугаар сарын 7-нд хамгийн сүүлчийн тоглолтоо хийгээд эх орондоо...

“The Hu” хамтлаг арванхоёрдугаар сарын 7-нд хамгийн сүүлчийн тоглолтоо хийгээд эх орондоо ирнэ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Монгол бахархлын өдрөөр дэлхий дахинаа нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлагийнханд Монгол төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн Чингис хаан одонг олгосон. 2005 оноос эхлэн Чингис хаан одонг жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд олгох шийдвэр гарсан бөгөөд энэ жил 12 дахь одонг “Хүннү рок” урсгалаар уран бүтээл туурвидаг “The Hu” хамтлагт олгосон. Тухайн үед “The Hu” хамтлагийнхан Хойд Америкт аялан тоглолттой байсан тул тус хамтлагийн продюсер Б.Дашдондогт одонг гардуулсан билээ.

Хамтлагийн продюсер Б.Дашдондог одоо АНУ-д байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын 15-нд хамтлагийн залуустайгаа эх орондоо ирэх гэж мэдэгдэж байсан. “The Hu” хамтлагийнхан аялан тоглолтоо есдүгээр сарын 11-нээс эхэлсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 7-нд хамгийн сүүлчийн тоглолтоо хийх юм байна.

“The Hu” хамтлагийн залуус Монголдоо эргэн ирээд нэгдүгээр сард дахин Европыг байлдан дагуулахаар төлөвлөж байгаа ажээ.

“Чингис хаан” одонг улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан хүмүүст олгодог уламжлалтай. Монгол улсынхаа алдар нэрийг өндөрөөс өндөрт өргөж, дэлхий нийтийг байлдан дагуулж буй “The Hu” хамтлагийнхан уг шагналыг авах нь зүйн хэрэг билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН