Нүүр хуудасЯрилцлагаТөмөр хатагтай Ш.Солонго: Эрүүл хүнсээр өөрөө хоол зохиож хийх дуртай

Төмөр хатагтай Ш.Солонго: Эрүүл хүнсээр өөрөө хоол зохиож хийх дуртай

2010 оноос хойш долоон жилийн туршид фитнессээр хичээллэж, Монголын болон Азийн Фитнеcсийн Бикини модел төрлөөр амжилт гарган, эрүүл зөв хооллолт болоод дасгал хөдөлгөөнтэй идэвхтэй амьдралыг сурталчилж, дэлгэрүүлж яваа эрхэм бүсгүйтэй ярилцлаа.

– Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигч бүсгүйчүүдэд өөрийн нууц тураах жороосоо хуваалцаач.

– “Миний жор” сэтгүүлийн уншигчдадаа шинэ жилийн баяр мэнд хүргэе. Охид, бүсгүйчүүддээ аминчлан зөвлөхөд ямар нэг баяр ёслол дөхөхөөр турах ёстой гэсэн ухагдахууныг бодол санаанаасаа авч халъя. Үүнтэй зэрэгцээд хурдан хугацаанд үр дүн гаргахын тулд бүсгүйчүүд тураах эм бэлдмэл гээд биендээ хортой, эрүүл мэнддээ сөрөг нөлөөтэй зүйл хэрэглэх нь элбэг байдаг. Харин эм бэлдмэл гэхээсээ илүүтэйгээр тогтмол зөв хооллож, байнгын дасгал хөдөлгөөн хийж, эрүүл аргаар жингээ хаяж, галбиржих нь зөв. Ингэхийн тулд дадлага туршлагатай мэргэжлийн багшаас зөвлөгөө авч, өөрийн биеийн онцлогт тохирох дэглэмийг тогтоох нь зүйтэй.

– Хурдацтай хөгжиж байгаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан хүн хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөөгөө авдаг болсон цаг. Ийм цаг үед их мөнгө төлж, хувийн дасгалжуулагч авах нь илүүц гэж үздэг хүмүүс цөөнгүй. Энэ тал дээр таны бодол…

– Одоогоор хувийн фитнессийн багш манайд тийм ч их дэлгэрээгүй, энэ талаарх ойлголт бага байдаг. Гэтэл гадны улс орнуудыг хараад, судлаад үзвэл сүүлийн үед хамгийн эрэлт хэрэгцээтэй, дэлхийн номер нэгт тооцогдох ажил мэргэжил “фитнессийн хувийн багш” болсон. Учир нь орчин цагийн хүмүүс нийгэм, цаг үеэсээ шалтгаалаад юун түрүүнд эрүүл мэнддээ их анхаардаг болсон байна. Эрүүл аж төрөхөд зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, стрессгүй амьдрал зэрэг нь ихээхэн үүрэгтэй. Тийм учраас та бүхэн эхлээд мэргэжлийн, дадлага туршлагатай хүнээс зөвлөгөө заавар авах ёстой юм. Ер нь хувийн фитнесс багш хүн өөрөө олон талын мэдлэгтэй байх учиртай. Спининг, иог, фитнесс, эрүүл хооллолт, сэтгэл судлалын талаар өөрөө цогц мэдлэгтэй байж, түүнийгээ бусдад зааж зөвлөхөд сайтар бэлтгэгдсэн байх хэрэгтэй.

– Хувийн багшийн давуу тал юу вэ?

– Зааланд олон хүн зэрэг дасгал хийхэд тухайн багш бүх хүнд тусгайлан хүрч үйлчилж чаддаггүй. Харин мэргэжлийн багш тухайн хүний биеийн онцлог, эрүүл мэндийн байдал зэргийг судалж мэдэж байж, дасгалын хичээлийг системтэйгээр заадгаараа онцлог. Нэг сумаар гурван туулай буудаж байгаатай адил богино хугацаанд маш хурдан үр дүнд хүрнэ гэсэн үг. Хувийн багшийн тусламжтайгаар жингээ хасахад маш олон давуу тал байдаг. Эхлээд тухайн суралцагчийн сэтгэлзүйг нь бэлтгэж байж дараагийн шатны хичээлүүд үр дүнтэй болж, богино хугацаанд хүссэн амжилтандаа хүрнэ. Та нэг удаа хувийн багш авчихсан байхад өөрийн зөв амьдралын хэвшлийг эхлүүлж чадлаа гэсэн үг.

– Эрүүл аргаар жингээ хэрхэн хасаж болох вэ?

– Турах гэж байгаа нэгэн байхад, туранхай мөртлөө галбиржих хүсэлтэй, бүр галбиртай хэдий ч сунгалт сайтай болох гэсэн янз бүрийн хүмүүс бий. Жин ихтэй байж байгаад хурдан турвал арьс унжих сөрөг талтай. Үүнээс шалтгаалаад хувийн багш дасгалын систем боловсруулж, тухайн хүнд өөрт нь тохирсон дасгалыг үе шат тус бүрээр ахиулж, булчингийн массыг нэмж, зөв аргаар жинг нь хасуулдаг. Тиймээс эрүүл аргаар турахыг хүсэж байгаа бол та заавал фитнесс дасгалыг хослуулах хэрэгтэй. Хүн зөв дэглэм, эрүүл хөдөлгөөнөөр турахад арьс, үс, хумс хүртэл сайхан болчихдог.

– Зөв хооллолт гэж юу вэ?

– Нүүрс ус их хэрэглэдэг хүмүүсийг харахад андашгүй байдаг. Арьс мах нь цүлхийж унжаад, хавагнаад таагүй харагддаг. Та нүүрс усаа хасаад, уургаар баялаг хүнс түлхүү хэрэглэвэл хөх, өгзөгний масс томордог. Хоол, дасгалыг хослуулж байж гоё сайхан болно гэдгийг анхаараарай. Багшгүйгээр өөрийн дураар дасгал хөдөлгөөн хийж, буруу хоолны дэглэм, тураах бүтээгдэхүүн хэрэглэх нь сөрөг үр дагавартай. Энгийн жишээ гэхэд тураах цай хүнд хэрэгцээтэй бүхий л амин дэм, эрдэс бодисуудыг биеэс гадагшлуулж орхидог. Ингэснээр дархлаа муудаж өвчин тусах нь олширдог. Хүний бие дотор олон жилийг турш чулуужсан төрөл бүрийн бохирдол бий. Эдгээрийг багшийн зааварчилсан системийн дагуу биеэс гадагшуулах нь чухал. Та тураах бэлдмэл авахаасаа урьтаж зөв хооллолтын зөвлөгөө авч, түүнийгээ дагаж мөрдөх гээд үзээрэй..

– Дэглэм барих эсвэл дасгал хийхэд тэсвэр алдах, шантрах тохиолдол их гардаг. Энэ тал дээр та юу гэж зөвлөх вэ?

– Намайг багшаар сонгосон хүмүүсийнхээ сэтгэл зүйг нь юун түрүүнд бэлтгэж, тэдний ухамсарт нь зөв дадал хэвшлийг суулгах эхлэлийг тавих гэж хичээдэг. Сэтгэл зүйн бэлтгэлгүйн улмаас эхний булрааг давж чадахгүй хүмүүс ч олон байдаг. Тиймээс эхлээд сэтгэл санааг нь бэлтгэчихсэн байхад ямар нэг хүндрэл гарахад амархан шантарч няцаад байдаггүй. Тухайн хүний онцлогоос хамаараад аль болох сонирхолтой байдлаар хичээллэхийг эрмэлздэг.

– Танаас зөв хооллолт, эрүүлээр жингээ хасах зэрэг өөрт тулгарсан асуудлаараа хүмүүс хэрхэн зөвлөгөө авдаг вэ?

– Биечлэн уулзах боломжгүй, гадаадад оршин суудаг, эсвэл хөдөө орон нутагт байгаа хүмүүст онлайн хичээл заадаг. Энэ хичээл маань их үр дүнтэй шүү. Бас хувийн багш авах боломжгүй хүмүүст зориулан зөв хооллолтын талаарх мэдээлэл, дасгалын систем боловсруулж өгдөг дөө. Ер нь миний ажил мэргэжил олон хүнийг эрүүлжүүлэн, өөртөө итгэх итгэлийг нь сэргээж байдаг их тусч ажил юм. Хүмүүс хүссэн үр дүндээ хүрээд баярласнаа илэрхийлэхэд тэднээс цацарч буй эрч, хүч намайг цэнэглэж, аз жаргалаар бялхуулдаг.

– Монгол хоолыг их хүнд гэж ярьдаг. Тэгвэл таны бодлоор манай хамгийн эрүүл хоол юу юм бол?

– Монголын 60 настай нэг иргэнийг Солонгос, Японы ижил насныхантай харьцуулахад эрс ялгаатай байдаг. Манай эрчүүд “аварга том” гэдэстэй, хүүхнүүд нь хав дөрвөлжин биетэй байх жишээний. Эндээс бидний хооллолт ямар байдаг нь илт харагдана. Бидний хүнсний хэрэглээнд малын мах, цагаан гурил зонхилдог. Малын гаралтай мах өөх тос хүний цусан дахь холестринийг маш ихээр нэмэгдүүлдэг учраас таргалуулдаг. Харин үхэр, адууны хар мах болон тахианы цээж мах өөх тос багатай учир хүнсэндээ түлхүү хэрэглээрэй. Мөн цавуулаг ихтэй цагаан гурилын оронд бүхэл үрийн болон хоёрдугаар гурил сонгохыг зөвлөж байна.

– Та тусгай бэлтгэлийнхээ үеэр ямар хүнс түлхүү хэрэглэдэг вэ?

– Тамирчны бэлтгэлийг долоо хоногийн зургаан өдөрт өглөө, оройдоо хийдэг. Хооллолтын хувьд тахианы цээж мах, өндөгний цагаан, чихэрлэг төмс, брокли , нимбэгтэй ус, ногоон цай, ус гэх мэтийн илчлэг багатай, шингэц сайтай хүнс хэрэглэх ёстой. Эдгээрийг өдөрт гурван цагийн зайтай тав хувааж иддэг. Тамирчин байх амаргүй ажил, маш их тэвчээр хатуужил шаарддаг. Олон улсын түвшний тэмцээнд нэг жилийн өмнөөс бэлтгэдэг. Тамирчин хүний биеийн онцлог маш хурдан хугацаанд өөрчлөгддөгөөрөө давуу талтай. Миний хувьд одоогоор хувийн дасгалжуулагч багшийн ажлаа түлхүү хийж байна даа.

Мөн фитнесс бикини төрөл олимпод бүртгэгдсэн болохоор энэ чиглэлээр бэлтгэл хийж байна. Энэ дашрамд, олимпийн бэлтгэлд намайг дэмжин ажиллах албан байгууллага байвал хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлье.

– Ярилцлагынхаа сэдвийг бага зэрэг өөрчилье. Сэтгэл догдлуулсан, хэзээ ч мартагддаггүй шинэ жилийн дурсамжаасаа бидэнтэй хуваалцаач.

– Баяр баярын дотроос хамгийн гоё нь Шинэ жил юм шүү дээ. 2014 онд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны шинэ жилийн баярт уригдаж, “Шилдэг тамирчин”-аар тодорч, шагнуулсан тэр нэгэн баяр миний хамгийн сайхан дурсамжууд нэг болон сэтгэлд тодхон үлджээ. Эргэн дурсахад догдлолоор дүүрэн сайхан өдөр байсан. Сайхан мөчөө эргээд дурсахад тааламжтай байна. Шинэ жилийн баярын өдрүүдэд зуслангийн модон байшиндаа сүлд модоо засаж, хайртай дотны хүмүүстэйгээ ширээгээ тойрч суун, хөөрөлдөх дуртай. Энэ жилийн хувьд найз залуутай болох төлөвлөгөөтэй байгаа /инээв/. Тийм болохоор энэ шинэ жилээр найз залуутайгаа шинэ оноо хамтдаа угтахыг хүсэж байна.

– Харин баярын ширээгээ хэрхэн засдаг вэ?

– Мэдээж амтат бялуу, оргилуун дарс, ширээ дүүрэн жимс, аав ээжийн минь хийсэн амттай хоол, мах, зуушаар ширээгээ засдаг.

– Хуучин бүхэн ард үлдэж, шинэ оны календарь дээрээ шинэхэн ажлын төлөвлөгөөгөө бичиж эхэлдэг дээ. Таны 2018 онд хийхийг бодож яваа гол зүйл юу вэ?

– Ирэх онд Монгол бүсгүйчүүддээ “Эрүүл мэнд”-ийн сэдвийг хөндсөн лекц тавина. Мөн сайн дурын ажил хийх дуртай учраас цусаа хандивлах, бусдад тус нэмэр болж хүмүүсийг баярлуулах ажлаа ч үргэлжлүүлнэ. Монголын Бодибилдинг, Фитнессийн нэгдсэн холбооноос одоогоор Монголын Фитнесс Бикини төрлөөр дэлхийн аварга болсон эмэгтэй хүн байхгүй. Тиймээс энэ төрөлд амжилт гаргаж Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөхийн төлөө шаргуу хичээллэх болно оо.

– Хамгийн дуртай хоол тань юу юм бол?

– Эрүүл гэж тодорхойлогддог төрөл бүрийн хүнс цуглуулж байгаад өөрөө хоол зохиож хийх дуртай. Өөрийнхөө хийсэн бүх хоолонд дуртай. Хамгийн шилдэг хоол гэвэл өөрийн хийсэн, гэрийн хоол гэж хэлнэ ээ. Ажлын онцлогоос хамаараад заримдаа гадуур хооллох тохиолдлууд гардаг. Тийм нөхцөлд Суши авч идэх дуртай.

Цаг заваа зориулан ярилцсанд гялаалай 
Эх сурвалж: Миний жор сэтгүүл

өмнөх нийтлэл
Дараагийн нийтлэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН