Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, “Ард Түмний Штаб” ТББ-ын тэргүүн Б.Жагартай ярилцлаа.
Олон нийт таныг тэмцэгч Б.Жагар гэдгээр нь илүүтэй мэднэ. Сүүлийн үед ямар тэмцэл өрнүүлж байна вэ?
Монгол Улсын эрх ашиг хаана зөрчигдөж байна, түүнийг хамгаалчих юмсан, Монгол хүн хаана ядарч, зүдэрч байна, нэгэнд нь ч болтугай ч тусалчих юмсан гэсэн зорилготойгоор Н.Ууганбаяр гэх мэт олон сайхан залуучуудтайгаа хамтран тэмцэж явна.Ойрын үед гэвэл банкны хүүг олон улсын жишигт хүргэх, хорио цээрийн хугацаанд хохирсон иргэдийнхээ өмч хөрөнгө, эрүүл мэндийг хамгаалах гэх мэт Үндсэн Хуулийн зүйл заалтыг амьдралд хэрэгжүүлэх гэх мэт асуудалд ач холбогдол өгч, ажиллаж байна. Үр дүнд хүрч байгаа зүйл ч бий. Биднээс шалтгаалахгүйгээр үр дүнд хүрэхгүй байгаа, сунжирч, удааширч байгаа зүйлүүд ч байгаа.
Та сүүлийн үед Банк, Банк Бус Санхүүгийн Байгууллагуудтай холбоотой асуудалд төвлөрч байгаа гэлээ. Энэ салбар дахь асуудлыг шийдэх ямар гаргалгаа, гарц байна?
ББСБ-ууд иргэдтэй анх гэрээ хийж, зээл өгөхдөө урьдчилж амлалт аваад зээлээ төлж чадахгүй, график зөрчих юм бол өмч хөрөнгийг нь хурааж авна, тухайн барьцаалсан хөрөнгө нь ББСБ-ынхаа мэдэлд байна гэдгээ тусгачихсан байдаг. Үүн дээрээ үндэслэн зарим нь шүүхийн шийдвэрээр баталгаажуулж, иргэдийн эд хөрөнгийг зардаг.Зарим нь баталгаажуулахгүйгээр өөрсдөө зарчихдаг. Хамгийн гол нь зээл аваад, түүнийгээ буцаагаад гурав, дөрөв нугалж өгдөг энэ тогтолцоог л халъя гэж байгаа юм. Авсан зээлийнх нь хүү алданги 50 хувиас хэтэрч болохгүй баймаар байна. Хэн нэг хүн 30 сая төгрөгийн зээл авсан бол 15 сая төгрөгийн хүү алданги төлөөд л автоматаар хүү нь зогсдог, зээл нь зогсдог баймаар байна. Ийм тогтолцоог Монгол Улсад нэн даруй хэрэгжүүлэхгүй бол амьжиргаагаа дээшлүүлэх гээд, аж ахуйн нэгжээ өөд нь татах гээд явж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдийн үүд хаалгыг нь бариулах, тухайн айл гэрийн гал голомтыг самрах асуудал зөвхөн нэг банкны гэрээ, ББСБ-ын гэрээ, ломбардын гэрээгээр шийдэгдээд байж болохгүй ээ. Хүний эрхэнд ингэж ноцтой халдаж болохгүй. Жил гаруй хугацаанд коронавирусээс үүдсэн хөл хорионы үед бид нар байлаа. Энэ нөхцөл байдлыг харгалзаж банкууд хүү, алдангиа шууд зогсоох ёстой, тэглэх ёстой гэдэг байр суурийг төрийн гурван өндөрлөг, УИХ, Сангийн Яам, Монгол Банк зэрэг газруудад хүргүүлээд, эхнээсээ ажлын хэсэг байгуулагдах гээд явж байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, “Зөв Хүн-Электорат” эвслээс Д.Энхбат, АН-аас С.Эрдэнэ гэсэн гурван хүн нэр дэвшихээр боллоо. Таны байр суурь?
АН-ын хувьд П.Очирбат, Ц.Элбэгдорж, Х.Баттулга гээд гурван Ерөнхийлөгч нийтдээ хориод жил төрийн тэргүүнийг ээлж дараалан барьж байгаа. МАН-аас Н.Багабанди, Н.Энхбаяр гээд хоёр хүн Ерөнхийлөгч болсон. Ингэхээр хугацааны хувьд дийлэнх олонхид нь АН-аас төрийн тэргүүнээр ажилласан байна. Парламентын хувьд МАН дийлэнхи хугацаанд нь олонхи байсан.Зарим тохиолдолд АН болон бусад намууд УИХ-д ойролцоо суудал авсан учраас Засгийн Газар байгуулж байсан тохиолдлууд Монголын 31 жилийн улс төрийн түүхэнд тод тэмдэглэгдэн үлджээ. Энэ гурван нэр дэвшигчийг Б.Жагар дүгнэхээсээ илүүтэй ард иргэд энэ гурван хүн бидний амьдралд юу хийж байна, юу хийх гээд байгаа юм, юу хийсэн юм, Монгол Улсын эв нэгдэл, тусгаар тогтнолыг хамгаалж чадах хүн мөн юм уу, хэлсэндээ хүрдэг хүн мөн юм уу гэдэг маш олон асуудал дээр эргэцүүлэн бодож байгаа байх.Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ард иргэд маань зөв хүнийг сонгох байх аа. С.Эрдэнэ байна уу, Д.Энхбат байна уу, У.Хүрэлсүх байна уу? хамаагүй. Гол нь нийгэмд болохгүй байгаа асуудал дээр төвлөрч чадах, шийдэж чадах, шийдвэрлэхийн төлөө иргэн, иргэний нийгмийн байгууллага, доод шатны албан тушаалтнууд, төрийн бүхий л шатанд эв нэгдлээ хангаад, тухайн асуудлыг шийдэж чаддаг төрийн тэргүүнтэй улс орон баймаар байна. Бид одоо ярьдаг биш, гараад хийж чаддаг, бүтээж чаддаг болмоор байна шүү дээ.
Таны тэргүүлдэг төрийн бус байгууллага жишээ нь энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд эдгээр гурван нэр дэвшигчээс хэн нэгнийг нь дэмжиж ажиллах уу?
Манай Ард Түмний Штаб өчигдөр уриалга гаргасан.Энэ уриалгаа бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшүүлсэн гурван субъект рүү явуулсан. Бид хэнийг нь ч дэмжиж болно. Хамгийн гол нь банкны хүүг олон улсын жишигт хүргэж чадах, бидний дэвшүүлж байгаа долоо найман төрлийн саналыг хүлээж авах, улмаар хамтарч ажиллах, шийдэж чадах хүнийг бид дэмжинэ. Түүнээс бус хувь хүн нь хэн байх нь хамаагүй. Хамгийн гол нь нийгмийн тэнцвэртэй байдлыг хангаж чадах, эдийн засгийн асуудал, бусад асуудлуудыг шийдвэрлэж чадах, хүний эрхийг хамгаалж чаддаг төрийн тэргүүнийг сонгох хэрэгтэй. Муу хүн байж байгаад сайн болж болно, эсвэл сайн хүн байж байгаад муу болж болно.Тэгэхээр бид хувь хүнтэй нь асуудал ярих биш, нийгэмд болохгүй байгаа асуудлуудаа өргөн хүрээтэйгээр харж шийдвэрлэх ёстой.Банкны хүүг олон улсын жишигт хүргэж чадах, хорио цээрийн хугацаанд иргэдийнхээ эдийн засгийн асуудал дээр анхаарч чадах, хүү алдангийг нь тэглэж чадах, үүнийхээ төлөө тууштай явж, УИХ-д шахалт үзүүлэн, ҮАБЗ-ийн тэргүүний хувьд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд байгаа боломжуудаа ашиглаж, ард түмнийхээ төлөө зогсож чадах хүнийг л бид дэмжинэ. Монголын ард түмэн өнөөдөр Ард Түмний Штабыг аль нэг намаас илүүтэйгээр, хэн нэг нэр дэвшигчээс илүүтэйгээр дэмжиж байгаа. Учир нь Ард Түмний Штабын хийж байгаа үйлдэл болгон ард түмний эрх ашгийг хамгаалж, төрийн зарим чиг үүргийг сайн дураараа гүйцэтгэж байгаа гэхэд болно. Жишээ нь: Хүний Эрхийн Үндэсний Комисс ард иргэдийн эрхийг хамгаалах ёстой байтал тэр байгууллага очиж ажиллаагүй, айж байгаа газар дээр нь бид очдог ч гэдэг юм уу? Тийм ч учраас бид сонгуулийн үр дүнг шийднэ гээд л ойлгочих. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг “Ард Түмний Штаб” шийднэ. Бидний тавьж байгаа уриалгыг дэмжин,түүний дагуу гэрээ байгуулсан улс төрийн нам ялна. Монголын ард түмний сэтгэл зүрх шингэсэн, Монголын ард түмний эв нэгдэл шингэсэн Ард Түмний Штаб гэдэг байгууллага Монгол Улсын Ерөнхилйөгчийн 2021 оны сонгуулийг шийднэ гээд л ойлгочих.Үүнд эргэлзэх, маргах зүйл байхгүй.Биднийг 21 аймаг, 9 дүүрэгт дэмждэг олон зуун мянган иргэд байгаа. Сонгуулийн насны 2,250,000 хүн байдаг гэж ярьдаг. Сонгуульд дунджаар бол 1,800,000 хүн саналаа өгдөг. Эдгээрийн дийлэнхи нь нам бус иргэд.
АН хоёр хуваагдчихлаа. Харин МАХН, МАН-тай нэгдчихлээ?
Нэг угшилтай байсан МАН, МАХН хоёр нэгдэж байгаа нь магадгүй гишүүд дэмжигчдийнх нь шийдэж байгаа асуудал байх. Нөгөөтэйгүүр энд эвлэрч байхад нөгөө талд салж байна шүү дээ. АН хуваагдаж байгаа нь мянга мянган гишүүдийнх нь буруу биш. Ардчилсан Намын үзэл баримтлалыг дэмждэг, олон удаа засгийн эрх барихад нь, олон удаа Ерөнхийлөгчтэй болоход нь, Ардчилсан Намын байранд байгаа дарга нараа тэрбумтан болгоход нь гишгүүр нь болсон, лифт нь болсон, түшиг нь болсон намын гишүүдийн буруу биш шүү дээ. Ардчилсан Намын зовлон бол таван фракцтайнх. Таван намын нэгдэл гэсэн үг. Сүүлдээ нөгөө таван фракц дотроос цүнх баригчид нь салсаар байгаад одоо бараг зуун фракцтай болчихсон. Дүүрэгтээ гэхэд долоо, найм, аймгууддаа гэхэд долоо найман фракцтай. Ингээд тэр доогуур хуваагдсан фракцууд нь төв нам дээрээ нэг тав болж нэгддэг. Би тааж хэлээд байгаа юм биш. Оффшорыг Монголд оруулж ирээч гэдэг юм уу, банкны хүүг шийдвэрлэе гээд улс төрийн намууд, УИХ-ын гишүүд, УИХ дахь намын бүлгүүдэд албан бичиг өгөхөөр АН-аас хариу өгдөггүй юм. Харин албан тушаал, эрх мэдэл нь ганхаад ирэхээр ард түмэн минь авраарай, бүгдээрээ хамтдаа ингэе тэгье гээд гараад ирдэг.Улс төрийн намуудын үзэл баримтлал өөр өөр байх. Тэгэхдээ намын гол зорилго нь засгийн эрх мэдлийг авах гэдэг үндсэн бодлого дээр тодорхой хүмүүс нэгддэг.Гэтэл АН тийм байж чадаагүй.
Та Хан-Уул Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдоод хагас жилийн хугацаа өнгөрчихлөө. Энэ хугацаанд юу хийж эхлээд байна?
Сонгогчдын маань зарим нь хорооны засаг даргаа сонгочихоод, эсвэл дүүргийн төлөөлөгч, нийслэл, УИХ-даа хүн сонгочихоод, нөгөө сонгогдсон хүн нь тухайн сонгогчийн төлөө юу хийх ёстойг нь ч мэдэхгүй байна. Мэддэг атлаа хүсэлт гаргаж өгдөггүй, “За за, болох байлгүй дээ” гэж явдаг нэг хэсэг байна. Эсвэл сонгогдсон хүндээ хандаад байхад тухайн хүн нь ажиллахгүй, тийм төлөөлөгч, УИХ-ын гишүүн бас байдаг. Миний хувьд зургаан сарын хугацаанд ИТХ-ын Төлөөлөгч гэдэг зүйлийг ард иргэдэд ойлгуулах гэж хичээж байна.Төлөөлөгчийн эрх мэдэл юу вэ? гэвэл тухайн дүүргийнхээ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дүүргийн дэд бүтэц, газар зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ.Хэм хэмжээ тогтоосон эрх зүйн акт гаргана гэсэн үг. Улмаар уг хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актын дагуу тухайн дүүрэг, хорооны иргэдэд үйлчилгээ үзүүлж байх ёстой. Түүнээс гурил будаа тараадаг хүн биш. Сонгогчдын зарим нь гучин жилийн хугацаанд Төлөөлөгч юм уу, УИХ-ын гишүүн гэхээр тойрог дээрээ гурил будаа өгдөг хүн гэж ойлгочихож. Гэтэл гурил будаа нь угаасаа нийгмийн халамжийн тухай хуулиараа амьдрал нь хүнд хэцүү байгаа хүмүүстээ олгогдоод явж байдаг зүйл.Хамгийн гол нь бид бодлогын асуудлыг хэлэлцэх ёстой. Миний хувьд Хан-Уул Дүүргийн хороодууд дээрээ тодорхой ажлуудыг хийгээд явж байна. “Нутгийн буян” гэдэг компани дөрвөн орон сууцны дунд олон давхар барилга барих гэж байсныг Нийслэлийн Засаг Дарга Д.Сумъяабазарт хүсэлт өгөөд цуцлуулж байна. Энэ бас нэг ажлын алхам. Ер нь дүүргийн төлөөлөгч гэдэг хүн иргэдийнхээ өмнөөс хүсэлт гаргаад хүсэлтийг нь уламжилж явах эрхтэй. Шийдэх эсэх нь дээд шатны байгууллагын асууда. Хувь иргэн Б.Жагар хүсэлт өгөх, ДИТХ-ын төлөөлөгч Б.Жагар тамгаа дараад бичиг явуулах хоёр бас өөр байдаг юм байна.
Гэхдээ ямар ч албан тушаалаас илүү Б.Жагарт хүсэлт өгөөд “Б.Жагараа чи миний өмнөөс яваад өгөөч, Б.Жагараа манай байрныхны өмнөөс яваад өгөөч. Манай тийм юм болохгүй байна, бидний өмнөөс яваад өгөөч” гэж ирж байгаа хүсэлт, итгэл бол хамгийн том албан тушаал.
Мөн Хан-Уул дүүргийн 21-р хороо, “Буянт ухаа 2”-т нилээдгүй ажлууд шийдэгдэж байна. Сургуулийн 2,539,000,000 төгрөг энэ жилийнх нь санхүүжилтийг хийгээд, дараа жил үлдэгдэл санхүүжилтийг нь хийчихвэл 1,000 гаруй хүүхдийн сургуультай болох гэж байна. Зам засаж сайжруулах, шороон замыг хатуу хучилттай болгох төсвийг нь шийдээд өгчихлөө. Манай Хан-Уул Дүүргийн 21-р хороо өөрийн гэсэн хорооны байр байхгүй.Гурван өрөө байр түрээслэдэг юм.Тэгвэл дөрвөн давхар өрхийн эмнэлэг, хорооны цогцолборыг бариулах газрыг нь, төсвийг нь шийдүүлээд өгчихлөө. Цэцэрлэгт хүрээлэн барих төсөв, газрыг нь шийдвэрлээд өгчихлөө.Үүнтэй холбоотойгоор ТОСК-ын Захирал удирдлагуудад, хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна. Аль ч шатны хуралд эрх барьж байгаа намын албан тушаалтнуудад хандахаар сөрөг хүчнийхээ хүмүүсийн асуудлыг шийдэхгүй дарчихдаг гэдэг ойлголт байдаг. Манай дүүрэг дээр бол тийм асуудал ёстой алга. ХУД-ийн ИТХ-д МАН-аас 26, АН-аас 4, ХҮНамаас 4, МНН-аас 1 суудалтай буюу Б.Жагар. Гэтэл намайг нэг төлөөлөгч гэж харахгүй, Монголын ард түмний төлөөлөл л гэж хандаж байгаа. Мэдээжийн хэрэг өнөөдөр тогтоол гараад маргааш бүх юм шууд шийдэгдэээд болчихгүй. Холбогдох байгууллагууд нь инженерийн шугам сүлжээгээ судална, маш олон зураг төслийн ажлууд явна, тендер зарлагдана. Гэхдээ дөрвөн жилийн дараа үүнийг нэг шийдчих юмсан гэдэг асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэсэн сайхан дөрвөн жил болно гэдэгт би эргэлзэхгүй байна.10 жил шийдэж чадаагүй ажлыг зургаан сарын дотор шийдүүлсэндээ миний хувьд маш их баяртай байгаа. Энэ бол ард түмний хүч.Ард түмэн хүчтэй учраас намайг сонгосон.Хан-Уул Дүүргийн сонгогчид тууштай дэмжиж байсан учраас энэ асуудал маш хурдан шийдэгдсэн. Мэдээж хэрэг үүнийхээ араас нь төлөөлөгч хүн чинь ямар шатандаа явж байна гэдэг хүсэлтийг өгнө. Буцаагаад төрийн байгууллага хариу өгнө. Мөн олон хүүхэд дайруулдаг, осол гардаг замууд дээр тэмдэглэгээ, хурд сааруулагч хийнэ, гэрлийн дохиог сайжруулна ч гэдэг юм уу, энэ олон ажлыг зургаан сарын хугацаанд шийдвэрлэнэ гэдэг бол ард түмний хүч шүү.
–Та нэг жагсаалынхаа үеэр “Хэрэв Монгол Улсын эдийн засаг, улс төр, нийгмийн нөхцөл байдал энэ хэвээрээ байх юм бол цуст хувьсгал гарна шүү” гэж ярьж байсан. Үүнийг зарим хүмүүс цочирдож хүлээж авсан?
-Цуст хувьсгал гэдэг үгийг хэрэглэсэн шалтгаан нь улс төрчид, албан тушаалтнууд ард түмнээсээ айдаг байгаасай гэдэг сэрүүлэг, анхааруулгыг өгсөн хэрэг. Б.Жагар гэдэг хүн уриалсан л болохоос биш, хэрвээ нийгмийн хэрэгцээ буюу гэр хороололд байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалж чадахгүй, эдийн засгийн асуудлыг нь тэнцвэртэй хангаж чадахгүй. Эсвэл орон сууцанд амьдарч байгаа хүмүүсийг гэр хорооллын хүмүүсээс арай өөр үзээд, хооронд нь ялгаварлан гадуурхлыг бий болгоод, хүний эрхийн зөрчил газар авах юм бол хүссэн хүсээгүй хувьсгал гарна. Хувьсгал хоёр л янз байна. Тайван замаар, цуст хувьсгал гэж. 1990 онд оготны хамраас цус гаргаагүй гэж зарим хүн ярьдаг. Яг үнэндээ энэ бол хувьсгал биш, энэ бол тохиролцоо байсан.Хувьсгалын процесс явсан, замд нь барууны мөнгөтэй олигархуудтай тохиролцоо л хийсэн хэрэг. Эдийн засгийн ухааны доктор, “Өргүй Монгол хөдөлгөөн”-ий тэргүүн Т.Баярхүү гуайн хэлдгээр долларын эзэдтэй тохироо хийсэн. Эхлээд зөв хувьсгал явж байсан. Гэтэл дундаас нь тохиролцооны хувьсгал болсон. Хэрвээ зөв хувьсгал явсан бол өнөөдөр энэ олон асуудал, ойлголтын зөрүүтэй байдал бий болохгүй байсан. Хүний хэрэгцээг хангаж чадахгүй байгаа бол түүнийг төр гэж харж болохгүй. Хүний наад захын жам ёсны хэрэглээг хангаж байгаа тэр тогтолцоог төр гэж харах ёстой. Гэтэл өнөөдөр шатахуун нэмэгдлээ гээд л Б.Жагар ч бай өөр тодорхой хүмүүс тэмцэж л байдаг. Тэр болохгүй байна аа гээ тэмцэж л байдаг.Төр байгаа юм бол байгаагаа мэдрүүлээд Б.Жагар болон түүнтэй адил олон хүнийг тэмцүүлэхээ больчихооч дээ. Тэмцсэн ард түмэн буруутай биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэмцэхэд хүргээд байгаа төрийн буруу бодлого, төр гэж өөрсдийгөө нэрлээд байгаа цөөн хүний тансаг хэрэглээ, түүний төлөөх авлига л буруутай. Мөн улс төрийн намуудыг одоо цомхотгох хэрэгтэй.Гуч, дөчин намаар яах юм бэ? Цөөн тооны бодлого ярьдаг намууд баймаар байна. Энэ гуч, дөчин нам чинь сонгуулиар зөвхөн санал хуваадаг, ялах зорилгогүй байдаг. УИХ-ын 2020 оны сонгуульд намайг Чингэлтэй дүүргээс нэр дэвшсэний дарааманай менежер: “Б.Жагар нэр дэвшигчээ ямар сонин юм бэ? Бид нар ялагдаад ийм урамгүй байхад, өөр ялагдсан хүмүүс чинь цалингаа бүтэн аваад, нэмж урамшуулал аваад, Тэрэлжид архи уугаад явж байна” гэж хэлж байсан. Ухуулагч нар ярьдаг юм байна л даа “манай нэр дэвшигч тэгсэн ингэсэн” гээд… Тэгээд ялагдсан тэр хүний сонгуулийнх нь тайланг харахаар маш бага зардал гаргасан байдаг.Гэтэл нөгөө хүн маань хаанаасаа тэр тавь, жаран сая төгрөгөөр бусдыг дайлж, цайлаад яваад байна. Нэр дэвшсэнийхээ төлөө, санал хуваасныхаа төлөө, гарах ёстой хүнийг гаргаагүй, хор найруулсныхаа төлөө урамшуулал аваад явж байна. Маш олон зөв хүмүүсийг ингэж сонгуульд унагасан. Жишээлбэл: Хан-Уул дүүрэгт “Монсоник”-ийн Т.Баярхүү ч гэдэг юм уу? Тэр олон хүнийг ийм л зорилготойгоор дэвшүүлж санал хуваадаг. Нэг тойрогт яахаараа дөч тавин хүн нэр дэвшээд, ямар ч мөнгөгүй атлаа сонгуулийн дараа найр наадам хийгээд, одон медаль тараагаад явж байдаг юм бэ? Би бас нэг зүйлд сэтгэл эмзэглэж явдаг юм. Цахим орчинд олон олон хүүхэд, ээж, аавууд, өндөр настай хүмүүс хандив гуйж байна. Хорт хавдар л гэнэ, элдэв өвчин тусчихсан л гэнэ.Яагаад бид нар Монгол хүн болж төрчихөөд, ийм их баялагтай байж хандив гуйх дээрээ тулаад, эмчлэх эмч байхгүй, оношлох тоног төхөөрөмж байхгүй, харийн нутаг руу хэдэн зуун сая төгрөгийн эмчилгээнд хандив гуйгаад сууж байна вэ?Тэгээд тэр мөнгө нь цуглахгүй бол эмнэлгийн орон дээрээ нас бардаг. Ийм эмгэнэлтэй амьдралаасаа бид нар салах хэрэгтэй.
–Төгсгөлд нь миний асууж чадаагүй, таны хэлье гэж бодож байсан зүйл байвал микрофон нээлттэй байна?
-Бид өнөөдрөөрөө амьдармааргүй байна, маргааш гэж асуудлыг битгий хойшлуул. Маргааш гэж хойшлуулсан бүхэн мөхдөг шүү. Надад хамаатай бүхний өмнө бүгд нэг цэг дээр гар гараасаа бариад тэмцэх ёстой.Надад хамаатай бүхний өмнө тухайн асуудалд оролцохгүйгээр хүн сайхан амьдарна гэж байхгүй. Тиймээс Б.Жагарт тохиолдож байгаа асуудал үүнийг уншиж байгаа нийт сонгогчдын хэн нэгэнд нь бас тохиолдвол бид нэгнийгээ хамгаалдаг байж гэмээн энэ улс орон хөгжинө. Тийм учраас Монголчууд маань хоорондоо, гэр бүлээрээ энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг маш сайн дүгнэж ярилцаарай. Намууд гоё гоё юм уриална. Үүнээс хэрэгжих боломжтой нь аль нь вэ? Мөн одоо бас л олон хөдөлгөөнүүд уриална, “Энэ нэр дэвшигчийг, энэ намыг дэмжээрэй” гээд.Сонгуулиар гарч ирж “халтуур” хийгээд явчихдаг хэдэн хөдөлгөөн, Төрийн Бус Байгууллагууд байдаг. Сонгууль дуусангуут байхгүй болчихдог. Та нар сайн ажиглаад л байгаарай. албай дээр болж байгаа үйл явдал, сонгууль дуусмагц мөн л дуусчихдаг.Тэгээд л дараагийн сонгууль болохоор гараад ирдэг. Харин Ард Түмний Штаб бол Монголын ард түмний сэтгэлд байдаг, Монголын ард түмний агуу дэмжлэгээр өдий зэрэгтэй явж ирлээ.Тэр бүү хэл Хан-Уул Дүүргийн ИТХ-д ялалт байгуулаад, нэг ч гэсэн төлөөлөгчийн суудалтай болсон. Энэ хөдөлгөөнөөс олон сайхан залуучууд төрийн аль нэг шатанд очиж ажиллах юм бол ард түмнийхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж чадна. Монголын ард түмэн минь бид нарын үзэл баримтлалыг тууштай дэмжээрэй.Намуудын уриалж байгаа асуудал гэхээсээ илүүтэй, ялангуяа энэ Ард Түмний Штабынхаа уриалж байгаа асуудалд энэ удаагийн сонгууль дээр төвлөрөөд, саналаа өгөөрэй.
За баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
Ярилцсан М.Чойжал