Нүүр хуудасМэдээГамшигт нэрвэгдсэн Өлгий сумынханд туслах аян үргэлжилж байна

Гамшигт нэрвэгдсэн Өлгий сумынханд туслах аян үргэлжилж байна

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын үерийн гамшигт өртсөн ард иргэдэд сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор төрийн болон олон улсын байгууллага, иргэдээс хандивыг ирүүлсээр байна.

Тухайлбал 07 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар  “Дэлхийн Зөн”, МУЗН, “Адра Монгол”, “Каритас Монголиа” олон улсын байгууллагуудаас нийт 277,296,000 төгрөгийг, мөн 110 гаруй иргэдээс нийт 5,148,509, төгрөгийн мөнгөн тусламжийг тус тус Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын хандивын дансанд байршуулжээ.

Харин Онцгой байдлын ерөнхий газарт Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хамт олноос нэг сая төгрөг, иргэн н.Баатар, н.Тэгшээ нараас гурван хайрцаг ахуйн хэрэглээний барааг хандивлаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Мөн НҮБ-ын Хүн амын сангаас 250 өрхөд ариун цэвэр, эрүүл ахуйн багц, НҮБ-ын Хүүхдийг ивээх сангаас аюулгүй ажиллагааны зөвлөмж хүргүүлсэн байна. НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газраас гамшгийн бүсэд мэргэжилтнүүдийг ажиллуулж, нөхцөл байдалд дүгнэлт өгөхөөр болжээ.

Энэ сарын 10, 14, 16-нд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд усархаг аадар бороо орж үер буусны улмаас 850 гаруй айл өрх байгалийн гамшигт өртөөд байна. Засаг даргын нөөц хөрөнгөөс одоогийн байдлаар 40 сая төгрөг зарцуулаад байгаа юм. Одоогоор хоргодох байранд 1566 хүн байгаа бөгөөд 0-18 насны 425 хүүхэд түр хоргодох байранд байгаа билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН