Нүүр хуудасТэмдэглэлДорждамдингийн Оюун: Ном унших нь шүдээ угаах мэт чухал...

Дорждамдингийн Оюун: Ном унших нь шүдээ угаах мэт чухал…

“НОМЫГ АЛЬ БОЛОХ БАГААС НЬ…”??
(Ном унших нь шүдээ угаах мэт чухал!)

……Интернет медиа ингэж их хөгжсөн сүүлийн хэдэн жилд ч германчуудын чөлөөт цагаа өнгөрөөх хамгийн дуртай зүйлсийн нэг нь “ном унших” хэвээр үлдэж чадсан байх юм. Дундаж герман хүн жилд 10-15, харин академикер гэж нэрлэдэг дээд мэргэжилтэй улс нь дунджаар 50-60 ном уншдаг байна. Эцэг эхчүүд хүүхдүүддээ үлгэр дуурайл болох тухай зөвлөгөө бүхий сэтгүүлүүд хүүхдийн хэсэгт өрөөстэй. Заримаас нь харлаа. “Ном унших нь шүдээ угаах мэт чухал” гэсэн гарчигтай өгүүлэл байна. Уншигчид бодох байх. “Гурав хоног би шүдээ угаахгүй байвал ямар байх вэ, тэгвэл адилхан юм бол гурав хоног ном уншихгүй байвал миний оюун ухаан юу болох билээ” гэх мэтээр.
Санал асуулгаар германчуудын 61 хувь нь “НОМ БОЛ амьдралынх нь салшгүй нэг цул” гэж хариулжээ. Хоёр хүн тутмын нэг нь “Ном бол надад сайн найзууд мэт л” гэжээ. 14өөс-19 хүртэлх өсвөр насны хүүхдүүдийн номын төлөөх хариулт 45,5 хувь байлаа.

“Номыг аль болох багаас нь …” гарчигтай нэг өгүүлэл уншив . Тэрхүү өгүүлэлд Герман улсын “Уншилтыг дэмжих” хандивын сангийн төлөөлөгч доктор Катарина Боетьш, “нялх жаахан хүүхдүүдэд ном уншиж өгөх нь тэдний үг ярианы баялгийг хөгжүүлэхийн сацуу сэтгэхүй хийгээд нийгмийн дунд биеэ авч явах дадлыг төлөвшүүлдэг” гэж хэлсэн байв.
Мөн тэрээр, “Хүүхдийг 6 сар хүрүүт номтой нөхөрлүүлэх хэрэгтэй. Тэдгээр ном насанд нь тохирсон зузаан картонон хуудастай, барьж үзэхэд амьтны зураг гэхэд жишээ нь арьслаг зөөлөн тэмтэрч үзэж болохоор байвал нэн сайн” гэж онцлоод, “Эцэг эхчүүд өөрсдөө үлгэр дуурайл болох нь маш чухал. Хэрвээ та өөрөө ном уншдаггүй бол хүүхдүүдээсээ юу ч хүлээж найдаад хэрэггүй” гэж зөвлөсөн байлаа. Доктор Катарина Боетьшын зөвлөгөөг доор дугаарлаад тоймлож бичье ээ:

1. Хүүхдийн ном ямар байх ёстой вэ?
Хүүхдийн номын зураг, агуулга болон бичвэр нь “хармонлог”-оор харилцан уялдаж зохирсон байх учиртай. Ном бүр маш “тунгалаг” оновчтой зурагтай байх хэрэгтэй. Техт бичвэр нь хүүхдийн хэлээр “амь амьдралтай”, үгийн сонголт нь өгөөмөр баялаг байх нь чухал. Тухайн хүүхэд номын баатар, гол дүрийг таньж мэдэрч магадгүй өөрөө түүндээ хувирч “орох” боломжтой байх ёстой.
2. Тэд хэдэн удаа ч уншуулж магадгүй
Бага жаахан хүүхэд аав ээжийнхээ уншиж өгч буй номын үгсийг сонсохоосоо илүүтэй эхлээд нүүр царайны хувирал, сэтгэлийн хөдлөлд анхаарлаа голчлон хандуулдаг. Тэд абстрактаар хийсвэрлэж сонсох үгсээсээ “түүх”-ийг бий болгож байдаг. Тиймээс байнга шинэ ном гэж шаарддаггүй. Нэг номыг 30-н удаа уншуулж байж ч магад. Энэ нь сайн.
3. Цэгцтэй бодож сурах оюуны чадвар ба уран сэтгэмж
Эцэг эх нь багад нь байнга ном уншиж өгдөг байсан хүүхэд хожим нь ном их уншдаг хэвшилтэй, орчноо номын гэрлээр гийгүүлсэн, хүчирхэг мэдлэгтэй нэгэн болно. Улмаар тэдгээр хүүхэд аливаа зүйл юм үзэгдлийн тухайд тов тодорхой, эмх цэгцтэй бодож сэтгэх чадвартай, уран сэтгэмж сайтай хүн болдог төдийгүй бие сэтгэхүйн хувьд эрүүл, тааламжтай хүн болж төлөвшдөг. Үе үеийн ийм хүмүүс л Герман улсын хүнд хүчир ачаа, хөгжил хэтийн хувь заяаг “нуруундаа үүрч” авч явдаг аа.
4. Ном хүүхдүүдэд Эрч хүч, Эр зориг өгдөг
Ном хүүхдүүдэд эрүүл болох эрч хүч, эр зориг өгдөг. (Мюнхен хотын номын санч Моника Майерын туршлагыг энэхүү өгүүлэлд дурдсан байлаа) “Сэтгэл өөдрөг өвчтөний өрөө” гэдэг сайн дурын байгууллагад үйлчилдэг тэрхүү номын санч бүсгүй, өвчтэй хүүхдүүдийн сэтгэл зүйд дуртай ном нь хэрхэн үйлчилдэг тухай судалсан аж. Түүний баталж буйгаар ном өвчтэй хүүхдүүдийг аргадан тайвшруулж, зовлон бэрхшээлээ даван туулж эрүүл болох, эргэж хөл дээрээ босоход нь шууд бусаар тусалж байсан байна. “Зөв номоо олсон хүүхдийн нүдэнд нь оч гялалзаж, амьдралын баяр баясгаланг мэдэрч” байжээ.
5. Тансаг сайхан эх хэл хүчирхийллийг “үгүй хийдэг”
Номтой нөхөрлөдөг, эх хэлээ сайтар эзэмшсэн, өөрийгөө зөв илэрхийлээд сурчихсан хүүхдүүд асуудлыг хүчээр бус эв дүйгээр шийдэх гэж эрмэлздэг. Тэд аливаа зөрчил, маргаан үүсэх тохиолдолд уурлаж уцаарлан, “нударгаа” харуулахаасаа илүүтэй баримт нотолгоо, шалтгааныг нь олж илрүүлэн, зөв дүгнэлтэд хүрч асуудлыг бодитой эерэгээр шийдэж чаддаг аа.

Германчууд бүх юмаа төлөвлөдөг гэдэг. Тэдний хэдэн хувь дэвтэртээ “Би шинэ онд… ном уншина” гэж бичсэн байгаа бол? Бичээгүй ч ихэнх нь ингэж төлөвлөсөн байх магадлал тун өндөр. Үүнийг бичиж буй хэр нь би ч ингэж бичээгүй л байгаа. Ийм хэвшил надад байхгүй! Гэхдээ хичээнээ. Та бүхнээсээ ч тэр аль болох олон ном уншаасай, үр хүүхэддээ олон ном авч өгөөсэй, уншуулаасай, бага балчир үрсдээ мөн олон ном уншиж өгөөсэй гэж хүсье. Фэйсбүүкийн анд нөхөд, ойр дотныхон, нийт уншигч та бүхэндээ шинэ жилийн мэндийг дахин хүргээд, эрүүл энх, бурхан тэнгэрийн хайр ивээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Номын цагаан буян түгэн дэлгэрэх болтугай!

Дорждамдингийн Оюун
Карлсрүэ, Germany

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН