Нүүр хуудасТэмдэглэлЗам дагасан сангийн далай

Зам дагасан сангийн далай

Түм түжигнэж, бум бужигнасан их хотын амьдрал үргэлжилсээр. Өнөөдөр гадаа агаарын температур 30 хэмийг давж халав. Иргэд олон нийтийг шаардлагагүй тохиолдолд гарахгүй байхыг сануулна. Яг энэ өдөр бидний ажлын хуваарь нийслэлийн худалдаа үйлчилгээний томоохон төвүүдийн нэг “Хархорин” захаас сурвалжилга бэлтгэх байв. Арван цагийн үед “Хархорин” захын урд талын автобусны буудалд буулаа. Анх удаа энэ захад ирж буй миний нүд орой дээрээ гарах нь тэр. Урьд өмнө харж байгаагүй хотын амьдрал. Энэ зүйлийг хэн хэрэглэх вэ? гэж бодсон зүйлсийг эгнүүлэн тавьж, үнэ хэлэн зогсох хүмүүс. Хархорин захын урд зам дээр байрлах шилэн гүүрнээс автобусны буудал хүртэл хоёр эгнээ болон үргэлжилсэн худалдаа эрхлэгчид. Эмэгтэй, эрэгтэй хүүхдийн гутал хувцас, саравчтай малгай хямд үнээр зарна, алт монет шүр авна, гутал засвар байна хэмээн олон хүмүүсийн дуу гүүрний хажууханд холилдон сонсогдоно. Гүүрнээс холдож баруун тийш чигээрээ алхахад өрөөсөн гутал, тогооны таг, угаалгын машины шланк, чулуу гээд л ёстой есөн шидийн зүйлсийг зарна. Гэхдээ хүмүүсийн хөл тасрахгүй юм. 

Энгийн нэгэн гудам боловч архины хамааралтай иргэдийн цуглаан болдог энэ газрыг “Эрдэнэсийн сан” хэмээн нэрийддэг аж. Хүний хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс эхлээд ховор нандин эд хямдхан үнээр зарагдана. Боломжтой бололцоотой нь хүйтэнд хөрж, халуунд халан энд суух нь юу  бол. Өнөөгийн Монголын амьдрал урд хормойгоо авч, хойд хормойгоо нөхөх шиг цалингаас цалин, тэтгэврээс тэтгэврийн хооронд өрнөх нь нүднээ илхэн. Бараагаа арилжаад буцаад зарцуулах тэдний эцсийн зорилго нь өөр өөр.Урт хоёр эгнээ худалдаа эрхлэгчдээс нийгмийн амьдралын олон өнгийг харж болно.Архины мөнгөндөө нэмэрлэнэ, ар гэртээ хүнс авна. Бусдаасаа арай олон үйлчлүүлэгчтэй гэмээр хэсэгт очлоо. Эрээн орны бүтээлэг газар дэвсэж шатар, цаг, чихэвч, майхан, цүнх зэргийг эгнүүлсэн байв. Харин проектор, төрөл бүрийн жижиг камер, спеакер гээд бусдаасаа арай өөр содон зүйлсийг нямбайлан тавьжээ. Саравчтай эрээн малгай, хар шилтэй 50-иад насны ах бараа бүрийг тайлбарлан зарна.

Урьд өмнө ийм зүйл хараагүй би гэдэг хүн ахаас бараануудынх нь талаар сониучирхан асуухад:

“Ах нь бараануудаа Солонгосоос каргогоор бөөнд нь авчирдаг юм. Үнийн хувьд төрөл бүрийн камер нь 50.000 мянган төгрөгөөс эхэлдэг. Проектор, спеакерүүд нь сургуулиудаас актлагдсан ба80.000 төгрөгөөс 150.000 төгрөгийн хооронд зарагддаг.Эдгээр бараа хэрэгтэй хүмүүс нь надаас зорьж ирээд авдаг. Харин хэрэглээний жижиг бараа ихэнхдээ 10.000 төгрөг хүртэл үнэтэй байдаг. Энүүгээр суусан хүн бүрийн бараа өөр өөр. Зарим нь өөрт хэрэгцээгүй хуучин бараагаа худалдана, илүү дутуу машины эрэг боолт, бүр гэрийнхээ цахилгаан барааг авчирч хямдхан зардаг архинаас хамааралтай хүмүүс ч бий. Иргэдийн хувьд хүн дахин хэрэглэхээргүй бараагэнд байдаг гэсэн ойлголттой байдагт ах нь жаахан эмзэглэдэг” хэмээн үргэлжлүүлэн ярилаа.

“Өглөөдөө согтуу хөлчүү хүмүүс байдаг ч гэсэн орой 17 цагаас хойш зодоон нүдээн, архичдын дуу ихэснэ. Бараа зардаг бидний хувьд ч байх боломжгүй эрт буух болдог. Архины мөнгөө залгуулах гээд гэрийнхээ эд зүйлсийг авчирч хоёр, гуравханмянган төгрөгөөр зарчихаад шууд л архиа ууна. Орой нь асуудал үүсгэж согтуурна. Энэ хорооны цагдаа хүртэл дийлдэггүй. Үүнээс болоод иргэд энэ хэсгээр дан архичид байдаг гэсэн ойлголттой болсон. Зарим улсуудад ийм худалдааг иргэд нь зөвөөр ойлгож, худалдаа эрхлэх боломжтой талбай олгодог гэсэн. Бид ч гэсэн эдгээр архины хамааралтай хүмүүсээс зайтай, тусдаа талбайтай болчихвол зүгээр л юм”гээд яриагаа дуусгалаа.

“Ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад нь байна” гэдэг шиг зүсэн зүйлийн бараа эгнэсэн “Эрдэнэсийн арал” хууль бус. БГД-ийн 20 дугаар хороонд байрлах тус газар нь нийтийн эзэмшлийн талбай учраас жижиглэнгийн худалдаа эрхлэхийг хориглосон. Худалдаагаа эрхлэх боломжтой хамгийн тохиромжтой газар нь боловчнийтийн эрх ашиг бус өөрсдийн эрхээ давуулан өнөөдрийн ашгаа бодлоо гэх иргэдийн эсэргүүцэл болоод төрийн төмөр нүүртэй тулгарна. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэгчээр асуудал хаа хаанаа байх юм. Хуучин нойтон гутал хувцас, эдэлгээ нь дууссан бараа, сэтэрхий аяга, сэмэрсэн даавуу зарж, жижиглэнгээр худалдаа эрхэлдэг тэдний хувьд лангуу түрээслэж сууна гэдэг үлгэрийн далай. Тиймээс төрөөс гаргасан хуулиндаа захирагдаж арлаа орхино. Архины мөнгө, ар гэрийн амжиргаанаасаа тэд сална. Нөгөө талаас ойр хавийн оршин суугчид, тухайн газраар зорчиж буй иргэд зовлонгоосоо сална.

Эдээ олох“ЭРДЭНЭСИЙН САН”, архины гуяа олох “САРХАДЫН САН”, амжиргаагаа залгуулах “АРВИН САН”болсон тус арал орших нь зөв үү?

Т.ЗОЛЗАЯА

#Мандын Оюутан дэмжих хөтөлбөр

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН