Нүүр хуудасМэдээЛ.Оюун-Эрдэнэ: Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой

Л.Оюун-Эрдэнэ: Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой

Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал “Эв нэгдэл-шийдэл-хөгжил” уриан дор “Буянт-Ухаа” спорт цогцолборт өнөөдөр /2025.11.15/ үргэлжилж байна. Түүхэндээ хамгийн олон буюу 2247 төлөөлөгч оролцож байгаа тус Их хурлын эхэнд Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар “Уламжлал, шинэчлэл, хөгжилд хөтөлсөн Монгол Ардын Нам” тайлан, илтгэл тавилаа. 

Дараагаар нь Монгол Ардын Намын дарга асан, Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлэв. 

Тэрбээр “Та бид хамтдаа 2024 оны УИХ-ын сонгуульд бүсчилж томсгосон тойрог, холимог тогтолцоогоор  өрсөлдөж, 126 гишүүнтэй анхны парламентад олонхийн суудал авч, тусгаар тогтнол, эрх чөлөөний бэлгэдэл болсон 100 жилийн түүхтэй Монгол Ардын Намаа  нэгэн зуунаас шинэ зуунд ялалтаар хамтдаа  түүчээлж чадлаа. Энэ нь 2024 онд дэлхийн 70 гаруй улсад улс төрийн сонгууль болсноос ардчилсан тогтолцоотой улсад эрх баригч нам ялалт байгуулсан цорын ганц тохиолдол бол Монгол Ардын Намын ялалт байсан. Тийм учраас 2024 оны сонгууль олон улсад туйлын өрсөлдөөн өндөр болсны тод илэрхийлэл юм. 

Мөн орон нутгийн  14 аймагт ялалт байгуулж, нийслэл Улаанбаатар хотод үнэмлэхүй ялалт байгуулсан. Энэ ялалт бол ард түмний сонголт бөгөөд намын 30 дугаар Их хурлаас сонгогдсон намын удирдлага, бага хурал, Удирдах зөвлөл, намын анхан шатны байгууллагын бодит үр дүн, намын Их хурлаас дэвшүүлсэн хэрэгжүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжсэн ард түмний итгэл юм” хэмээн онцлов. 
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 21 жилийн хугацаанд талцан маргасан Гашуунсухайт-Ганц модны төмөр замын боомтын хил холболтын асуудлыг эцэслэн шийдвэрлэж,  1964 оноос хойш судалгааг нь эхлүүлсэн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн гэрээ эцэслэн батлагдаж, бүтээн байгуулалтын ажил эхэлж, 1997 онд анхны судалгаа  нь хийгдсэн Монгол-Францын хамтарсан ураны төслийг УИХ-аар батлуулан хэлэлцүүлж,  гурав дахь хөрш оронтой “Оюутолгой”-н төслөөс хойш байгуулсан хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ болж чадсан билээ. 
Боомтын сэргэлтийн хүрээнд Замын-Үүд боомтын хүчин чадал дөрөв дахин, Гашуунсухайт боомтын хүчин чадал хоёр дахин, Алтанбулаг боомтын хүчин чадал дөрөв дахин, Сүхбаатар-Боршоо боомтын хүчин чадал 3.5 дахин нэмэгдсэнийг Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээндээ дурдлаа. 
Тэрбээр “Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой.  Тийм ч учраас Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал Эв нэгдлийн Их хурал байх ёстой. Монгол Ардын Нам эв нэгдлээ олж, цааш цаашдын сорилтыг даван туулж чадна гэдэгт миний хувьд итгэл төгс байна.

Цаг хугацаа өнгөрөх тусам бодит үйл хэрэг, үнэт үзэл бодол тодорч чадна гэдэгт би итгэдэг. Ялалт байгуулсан намыг бүрэн эрхийн хугацаатай нь хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Шинэ намын дарга намын түүхт 31 дүгээр Их хурлаас сонгогдох удирдлагын баг Монгол Ардын намаа 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж ажиллахын ерөөл дэвшүүлье.  Би бүх талаар дэмжиж ажиллах болно” хэмээв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН