Манд.мн сайтын редакц Жижиг дунд үйлдвэрлэгч, гарааны бизнес эрхлэгчдийг олон нийтэд таниулах зорилгоор “VIP” ярилцлагын булангаа эхлүүлээд байна.
Ирээдүйд бизнес эрхлэх гэж байгаа хүмүүст зориулж бизнес эхлүүлсэн түүх болох өнөөдөр нийгэмд өөрийн гэсэн байр сууриа бий болгосон эрхмүүдийг онцолдог билээ. Бидний ярилцлагын хоёр дахь дугаарын зочноор “SiS” салоныг үүсгэн байгуулсан Б.Баярцэцэгийг онцоллоо.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай уншигч олонд өөрийгөө танилцуулна уу?
Сайн байцгаана уу? Манд.мн сайтыг уншиж байгаа бүх хүнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Болдбаатарын Баярцэцэг гэдэг. “Сис” салоныг үүсгэн байгуулагч, “Tahe Mongolia” компанийн сургагч багш, үсчин мэргэжилтэй.
Яагаад “SiS” салоныг нээсэн бэ? Энэ салон үүссэн түүхээс хуваалцвал?
Намайг зоригжуулдаг, арыг минь бат даагаад хажууд минь үргэлж түшээд зогсох ханьтай учраас салоноо нээсэн. Анх 2021 он буюу Ковидын хөл хорио цээрийн дараа салоноо нээж байлаа. Ковидын үед ихэнх албан байгууллагууд хаалгаа хааж, хувийн хэвшлүүд ажилчдаа цомхотгож байсан хэцүү үе. Тийм үед зориглоод сормуус, артист хийдэг төрсөн дүүтэйгээ хоёулаа салоноо нээсэн. Систерс гэдэг үгнээс санаа авч “SiS” гэж нэрлэсэн. Учир нь салоноо нээхэд зориг оруулсан хоёр эмэгтэй дүү минь байгаа. Нэг нь сормуус артист, нэг нь сошиал маркетинг хийдэг байсан. Салон нээхэд маш том зориг, туслалцаа үзүүлсэн хүмүүс дээ. Тэр цагаас хойш одоо хүртэл үйл ажиллагаагаа хэвийн тогтвортой явуулж байна. Энэ хугацаанд олон хүнийг мэргэжил, боловсролтой болгосондоо өөрсдөөрөө бахархдаг.
Салоноо нээхээс өмнө юу хийж байсан бэ? Амьдралынхаа онцлох мөчүүдээс дурсамж болгож яривал?
Салоноо нээгээд дөрөв дэх жил рүүгээ орж байна. Салоноо нээхээс өмнө мэргэжлээрээ ажиллаж байсан. Үсчин мэргэжлээрээ ажиллаад 17-н жил болжээ. Өмнө нь Үйлдвэр урлалын политехникийн коллежийг Япон технологи мастер технологичоор багшлах эрхтэй ангид сурч төгссөн. Манай дүүгийн хувьд Үйлдвэр урлалын политехникийн коллежийг гоо сайхны багшлах эрхтэйгээр төгссөн. Хоёулаа мэргэжлийн сургуульдаа сурч төгсөөд мэргэжлээрээ ажиллаж ур чадвараа дээшлүүлсэн. Аль аль нь мэргэжилдээ эзэн болчихоод салоноо нээсэн юм.
Амьдралын минь онцлох мөчүүд бол яахын аргагүй хань ижилтэйгээ учрах, сайхан түшигтэй ханьтай болох, гайхалтай хөөрхөн хүүхдүүдтэй болсон цаг мөчүүд юм
Анх бизнесээ эхлүүлэхэд ямар байсан, хүндрэлтэй зүйл нь юу байв?
Анхны зүйл гэдгээр, намайг хэн бэ гэдгийг илэрхийлэх зүйл учраас мэдээж маш их баяртай, догдлол дүүрэн байсан. Бизнесээ эхлүүлэх явцад маш их алдаа гарсан. Салоноо нээж засвар хийхээс эхлээд засвар, жижиг зүйлсийг өөрсдөө хийхэд мэдэхгүй зүйл их байсан. Эндээс эхний бизнес бол туршлага, хоёрдохоос нь арай туршлагатай болдог мэт санагдсан. Манай улсад бизнес эрхлэхэд хамгийн хэцүү зүйл бол татвар их, ажиллах хүний нөөц дутагдалтай байдаг. Бусдаар бол бүх зүйл хэвийн байсан. Олон хүнийг амьдралтай нь залгуулж, нэг хүний ард олон хүн байгаа гэдгийг бодох юм. Энэ олон хүнийг хариуцаж ажиллана гэдэг маш их аз жаргал мэдрүүлж, өөрөөрөө, багаараа маш их бахархдаг.
Анх эхэлж байхад мэдлэг, туршлага хэр нөлөөлсөн, зайлшгүй мэдэж байх ёстой зүйл нь юу байв?
Анх бизнес эхлэхэд мэдээж алдсан зүйлс их байсан. Энэ явцдаа маш их зүйлсийг сурсан. Хүнтэй харилцах, үйлчилгээний тал дээр өмнө нь олон жил үйлчилгээ үзүүлж ажиллачихсан учраас хүнтэй харилцах тал дээр алдаа гараагүй гэж хэлж болно. Бизнесээ эхлүүлээд сурсан зүйлс юу вэ? гэвэл пэйж хөгжүүлэх, пэйж хөтлөх, реклам сурталчилгаа яаж хийх вэ? үйлчлүүлэгчийг яаж татах вэ? гээд өдөр бүр суралцаж байсан. Анх бүүст хийчихээд хүн залгахыг өдөржингөө хүлээнэ. Мессенжертээ хариу өгч чадахгүй байхаас эхлээд одоо бодоход энгийн зүйлс дээр инээдтэй алдаануудыг гаргадаг байсан. Одоо бол тэр зүйлсийг сайн сураад явж байна. Тэр болгон минь миний амьдралд сургамж болоод явж байна.
Орчин үеийн технологи, хиймэл оюун ухааныг ажилдаа хэрхэн ашиглаж байна? (Ажлыг нь хөнгөвчилж эсвэл зайлшгүй ашиглахаас өөр аргагүй зүйл юу байв?)
Хиймэл оюун ухаан ажлыг минь их хөнгөвчилдөг. Хамгийн наад зах нь чатбот ашиглаад чатанд автоматаар хариу өгдөг. Заавал өөрөө хариулаад цаг үүрээд байхгүй, бүх асуулт нь бэлэн. Тиймээс автоматаар хариулчихдаг болохоор ажлыг их хөнгөлдөг. Тэр бол зайлшгүй байх ёстой зүйлсийн нэг гэж боддог.
Өнөөдөр бизнес нь ямар түвшинд хүрсэн гэж бодож байна вэ?
Бизнесийг бяцхан хүүхэдтэй адилтгаж төсөөлдөг гэсэн. Тэгэхээр миний ажил бол дөрвөн настай бяцхан хүүхэд гэсэн үг. Би өөрөө ч маш их зүйлсийг дөнгөж сурч эхэлж байна. Улам илүү суралцаад явна.
Би хүүхдээ улам том болгож, эрдэм боловсролтой болгохын тулд улам илүү хичээх хэрэгтэй гэж боддог.
Миний хүүхэд улам илүү том болно. Зогсох болоогүй гэж хардаг.

Танай салоны хувьд органик үсний будаг ашигладаг гэдгээрээ онцлог. Хэрэглэдэг бүтээгдэхүүнийхээ талаар яривал?
Манайх 70 гаруй жилийн түүхтэй Испанийн “Tahe” үс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Би салоноо ажиллуулахын хажуугаар Tahe брэндийн сургагч багшаар ажилладаг. Яагаад энэ бүтээгдэхүүнд итгэл үзүүлдэг вэ гэвэл Испани улсын Мурсиа хотын үйлдвэрт очиж бүтээгдэхүүнтэй нь танилцаж байсан. Зөвхөн энэ үйлдвэрт үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг гаргахын тулд дотор нь ордог орц, найрлагыг зөвхөн тариалдаг талбай байдаг. Үүнийг өөрийн нүдээр үзсэн учир итгэлтэй хэрэглэж, үйлчлүүлэгчдэд санал болгож чаддаг. Үнэхээр органик, байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдгээрээ манай салон бусдаас онцгойрч чаддаг болов уу гэж боддог. Үйлчлүүлэгчид маань ч хэрэглэх маш дуртай байдаг. Энэ бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх гэж ахин дахин ирдэг. Тиймээс би өөрөө ч хэрэглэдэг бүтээгдэхүүндээ бардам байдаг.
“Tahe” брэндтэй хэрхэн учирсан бэ? Хэн танд санал болгов?
Энэ бүтээгдэхүүнтэй учруулж сургагч багш болох саналыг Т.Оюунжаргал буюу олны мэддэгээр Даагий эгч маань зөвлөсөн. Даагий багшдаа маш их талархдаг. Энэ бүтээгдэхүүнийг оруулж ирээд Монголд долоон жил болж байна. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр хөгжин дэвшиж, үйлчлүүлэгчиддээ бардам үйлчилгээ үзүүлдгээрээ бахархалтай байдаг.
Би яг одоо бие давхар байгаа хэдий ч үргэлж бүтээгдэхүүнээрээ үсээ будаж, ямар ч харшил үзүүлэхгүй, урагт сөрөг нөлөө байдаг учир хэрэглэсээр байна
Таны хувийн болон байгууллага хамт олны амжилт бүтээлээс дурдвал?
Манай салоны артист, уран бүтээлчид бол маш их амжилт бүтээл гаргасан, нэг үйлчлүүлсэн үйлчлүүлэгч нь ахин дахин ирж үйлчлүүлдэг тийм л мундаг охид, бүсгүйчүүд байдаг. Миний хувьд өдөр бүр суралцаж мэргэжлээ үргэлж ахиулахыг хичээдэг. 2023 онд өөрийн салбарт шинжээч бэлтгэх сургалт буюу М1, М2 модулийг гүйцэлдүүлсэн. 2024 онд мэргэжлээрээ мастер цолоо хамгаалсан. Үүнээс гадна өнгөрсөн оны гурван сараас хойш Монголынхоо мэргэжил нэгт үсчиддээ сар бүр тогтмол сургалт явуулдаг болсон. Мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх тал дээр сар бүр тогтмол сургалт явуулж байна. Tahe компанийн сургагч багш хийгээд, 21 аймгаар бүтэн тойрч сургалт зөвлөгөө өгсөн. Мөн Испани улсад биечлэн очиж суралцсан.

Мэдээж хувийн бизнес эхлүүлнэ гэдэг их бага хэмжээгээр эрсдэл дагуулдаг. Гэр бүл, найз нөхдийн хувьд яаж хүлээн авч, дэмжиж байсан бэ?
Маш гоё асуулт байна. Хувийн бизнес эрхэлж буй хүн бол эхний хэдэн жилд бизнесээ тогтворжуулах, бизнесээ эхлүүлэх чиглэлд явдаг. Учиргүй шууд ашиг орлого олох ч юм уу тийм зүйл байдаггүй. Тиймээс ар гэр маш тогтвор суурьшилтай, сайн ойлгож байх хэрэгтэй гэж боддог. Бизнесээ эхлүүлээд шууд ашиг олдог компани цөөхөн байдаг байх. Тийм болохоор миний ар албыг даадаг гэр бүл маань үргэлж дэмжиж, үргэлж хурцалж өгдөг. Заримдаа гундаад л, шантраад л, болимоор ч үе хүнд ирдэг. Тэр болгоноо гэр бүлийн хүндээ хэлэхэд
“Чи чадна аа, яагаад гэвэл Ковидын үед хүн бүр хаалгаа хааж байхад чи нээж байсан. Тиймээс одоо шантрах ямар ч эрх байхгүй. Урагшаа хараад зүтгээд бай”
гэж хэлэх болгонд бизнесээ улам томруулна, цаашид улам илүү хөгжүүлнэ гэсэн зориг ордог. Тийм болохоор гэр бүл, ханиараа маш их бахархдаг бас баярладаг.
Ажилчидтайгаа хэрхэн цагийг өнгөрүүлдэг вэ?
Хамт олонтойгоо хамтдаа цагийг өнгөрүүлэх дуртай. Боломж гарвал ууланд алхах, аялал зугаалгаар гарах, баяр ёслолыг салоныхоо хэмжээнд алдахгүй тэмдэглэх, хамтдаа байгаа цаг үеэ бичлэг болгон хадгалж авч дараа нь үзэх гэх мэтээр чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Мөн харьцах, зөв чиглүүлэх тал дээр өөрийгөө сайн суралцаж байгаа гэж боддог. Тиймээс ажлын явцад ажилчиддаа сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл зүйн хичээлүүдийг сар бүр тогтмол явуулах гэх мэт ажлаас гадна хэрэгтэй боловсрол олгохыг хичээдэг. Тэр болгон минь миний амьдрал болон хамт олонд сайнаар нөлөөлж, ажлын бүтээмж нэмэгдэх, урам зоригтой ажиллахад тусалдаг гэж боддог.

Ажилд шинээр орж буй хүнээс болон ажилчдаасаа захирлын хувьд ямар үнэт зүйлийг хүсдэг вэ?
Ажилд орж буй хүмүүст тууштай, хичээл зүтгэлтэй, ирээдүйгээ томоор хараасай гэж хүсдэг. Өөр бусад зүйлсийг хүн өөрөө хичээгээд олж авдаг учраас энийг л хүсдэг дээ.
Өөрийн чинь хийж бүтээж буй зүйл нийгэмд яаж нөлөөлөөсэй гэж бодож байна вэ?
Миний хийж байгаа зүйлс нийгэмд гэрэл гэгээ, эерэг зүйлсийг бүтээгээсэй гэж боддог. Тиймээс орж ирсэн үйлчлүүлэгч болгондоо эерэг хандахыг хичээдэг. Аль болох нийгмийн хар бараан зүйлсийг биш эерэг зүйлсийг ярилцахыг хичээдэг. Мэдээж гоо сайхны салбарт ажиллаж буй хүмүүс бүгд ижил талаас нь хардаг байх. Ер нь үсчин, гоо сайханчдыг зориод ирж байгаа үйлчлүүлэгч нар дандаа тайвшрал авч, дандаа кайф мэдэрч өөрийгөө өөрөөр харах гэж орж ирдэг. Тэр мэдрэмжийг тултал нь мэдрүүлэхийг хүсэж, хичээдэг. Энэ зүйл маань мэдрэгддэг байх гэж боддог. Миний үйлчлүүлэгч нар мэдэх байх аа. (инээв)
Цаашдын зорилго, ирээдүйгээ хэрхэн харж байна вэ?
Энэ салбарыг өндөрт өргөж, шинэлэг зүйлсийг гаргахыг хичээдэг. Ажилчдын хувьд өсөж, дэвжсэн, өөрөөрөө бахархсан, үйлчлүүлэгчдээсээ айх биш өөрөө удирдаж, чиглүүлсэн, мэргэжлээ гайхуулсан тийм л хүмүүсийг бүтээхийг хүсдэг. Бизнесээ илүү өргөн хүрээнд харж олон салбарт, дэлхийд өөрсдийгөө таниулах чадвартай, дэлхийн өөр улс оронд сургалт өгдөг, өөр улсад салоныхоо нау-хау-г өгдөг тийм том компани болоосой гэж хүсдэг, тийм болгохын тулд хичээн ажилласаар байна.
Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсэе
Миний бяцхан ертөнц, миний салонтой танилцахаар урьж оролцуулсан Манд.мн сайтын хамт олонд илүү том амжилт хүсье. Маш их баярлалаа.
К.Золзаяа