УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.06.02/-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлагдлаа. Ирэх онд баримтлах Монгол Улсын хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэл нь Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгыг дэмжиж, Эдийн засгийн чөлөөлөлт, Эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлт, Ногоон хөгжлийн чөлөөлөлт, Авлигын эсрэг чөлөөлөлт гэх дөрвөн чөлөөлөлтийн бодлого байхаар тусгажээ.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 40 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал нарын дөрвөн гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Дээрх хоёр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
УИХ-ын гишүүн М .Бадамсүрэн нарын 33 гишүүн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжээгүй тул хууль санаачлагчдад буцаасан бол УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв





