Нүүр хуудасМэдээМонгол Улс 70.9 сая малтай боллоо

Монгол Улс 70.9 сая малтай боллоо

Монгол Улсын 2019 оны жилийн эцсийн мал тооллогын ажлыг энэ сарын 7-17-ны хооронд улс орон даяар амжилттай өрнүүллээ. Мал тооллогын урьдчилсан дүнг өнөөдөр ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газраас танилцууллаа. Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2019 оны жилийн эцэст малын тоо 70 сая 949.9 мянган толгойд хүрч, өмнөх оныхоос 4.5 сая толгой буюу 6.8 хувиар өслөө.

Урьдчилсан дүнгээр нийт мал сүргийн дотор

  •  Хонь 45.5 хувь
  •  Ямаа 41.2 хувь
  •  Үхэр 6.2 хувь
  •  Адуу 5.9 хувь
  • Тэмээ 0.7 хувийг тус тус эзэлж байна.

Энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Архангай аймаг 6 сая 166.0 мянган толгой мал тоолуулж тэргүүлсэн бол, Хөвсгөл аймаг 6 сая 37.3 мянган толгой, Өвөрхангай аймаг 5 сая 625.0 мянган толгой, Төв аймаг 4 сая 978.7 мянган толгой, Хэнтий аймаг 4 сая 867.6 мянган толгой мал тоолуулжээ.

Архангай аймаг адуу, үхэр, хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Баянхонгор аймаг ямааны тоогоор тэргүүлсээр байна.

Түүнчлэн мал тооллогын урьдчилсан дүнгээр 233.2 мянган малтай өрх тооллогод хамрагдсан нь өмнөх оноос нэг хувиар өсжээ.

Мөн 285 мянган малчин тоологдсон ба нийт малчдын 40 хувь нь зээлтэй байна. Зээл авсан малчдын 33 хувийг 35-44, 22 хувийг 25-30, 25 хувийг 45-54 насны малчид эзэлж байгаа юм.

Тооллогын урьдчилсан дүнгээр нийт малчдын 27.4 хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан бөгөөд эдгээр малчдын 60 хувь нь 35-54 насныхан байна.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН