Нүүр хуудасМэдээНийслэл: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Нийслэл: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар “Сэлбэ” орон сууцжуулах төслийн талбайд өнөөдөр ажиллалаа. 
Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 15 дугаар хороодын нутаг дэвсгэрт нийт 158 га талбайд хэрэгжиж буй энэхүү төслийн хүрээнд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Мөн 5780 хүүхдийн суудалтай таван сургууль, 1520 хүүхдийн суудалтай найман цэцэрлэг, дөрвөн өрхийн эмнэлэг, соёл болон спорт цогцолбор, гал унтраах анги зэргийг байгуулна. 

Төслийн нийт гүйцэтгэл 36.7 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд барилгын талбайд өдөрт дунджаар 1700 орчим инженер техникийн ажилтан, 70-80 машин, механизмтай ажиллаж байна. Дөрвөн багц ажлын хүрээнд хэрэгжиж буй тус бүтээн байгуулалтад долоон ААН ерөнхий гүйцэтгэгчээр шалгарчээ. Бараа материал нийлүүлэгчдийн 60-70 хувь нь үндэсний аж ахуйн нэгжүүд байгаагаараа онцлогтой. Төслийн газар чөлөөлөлт 96 хувьтай байна. 2027 онд төслийн орон сууцны хэсгийг ашиглалтад оруулах бол 2028-2030 онд олон нийтийн үйлчилгээний бүсийг бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Орчин үеийн ухаалаг хот буюу “Смарт сити” зарчмаар төлөвлөсөн үндэсний хэмжээний энэхүү загвар төсөл нь цаашид гэр хорооллыг орон сууцжуулахад жишиг болно. Энд иргэдийн өдөр тутмын хэрэгцээт бүх үйлчилгээг цогцоор нь шийдсэн байх юм. Мөн нийт 58.11 га талбайд ногоон байгууламж байгуулна. Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу эдийн засгийн тусгай бүс байгуулснаар бизнес эрхлэгчид татварын болон татварын бус хөнгөлөлтүүдийг эдэлж, үйл ажиллагаа явуулахад таатай болно” гэв.

“Сэлбэ” орон сууцжуулах төсөлд оршин суугчдын тав тух, аюулгүй байдлыг хангах, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох зорилгоор барилгын салбарын орчин үеийн дэвшилтэт материал, технологийн шийдлүүдийг нэвтрүүлж буй. Тухайлбал, цэвэр усны дотоод шугам сүлжээг зэс хоолойгоор бүрэн шийдэж байгаа бөгөөд дулаан алдагдлыг бууруулах гурван давхар шилэн цонх, бат бөх метал фасад, өндөр үзүүлэлттэй шилэн хөвөн дулаалгыг ашиглаж байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН