Гурав дахь тунгийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд мэдээлэл өглөө.
Гурав дахь тунгийн дархлаажуулалтыг эхлээд 20 хонож байгаа ч иргэд эхний хоёр вакцинд хамрагдсан шиг идэвхтэй биш байна.
Дэлхийн улс орнуудын туршлагаас харсан ч гурав дахь тунг чухалчилж байна. Азийн орнуудаас Камбож, Европын орнуудаас Франц, Герман зэрэг орон гурав дахь тунг есдүгээр сараас эхлэн хийж байна. Мөн ОХУ, Израйл, Турк зэрэг орнууд ард иргэддээ санал болгох хэмжээнд байгаа. Гурав дахь тун нь өмнө хийгдсэн хоёр тунгийн нөлөөгөөр биед бүрэлдсэн эсрэг биетийг сэргээх онцлогтой. Өөрөөр хэлбэл, гурав дахь тун хийлгэснээр өмнөх хоёр тунгийн нөлөөлөл улам сайжирна.
-Хоёр удаагийн вакцин хийлгэсэн иргэд хэдий хэр хугацааны дараа гурав дахь тунд хамрагдах вэ. Халдвар аваад эдгэсэн иргэд хамрагдах ёстой юу. Энэ бүгдийг мэдэхгүйгээс иргэд хойрго хандаж байна уу?
-Вакцины хоёр дахь тунд хамрагдаад 90 хоног буюу гурван сар болсон иргэд сэргээх тун буюу гурав дахь тунд сайн дурын үндсэн дээр хамрагдана гэж Эрүүл мэндийн сайдын тушаалд тун тодорхой заасан байдаг. Харин коронавирусийн халдвар авч өвдөөд эдгэсэн иргэд хоёр сар буюу 60 хоногийн дараа сэргээх тун хийлгэх ёстой юм. Дархлаажуулалтын цэгүүд хэвийн ажиллаж байгаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС