Өнөөдөр /2026.07.23/ Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны 10-р Ерөнхий ассамблейн “Цагдаагийн сургалтын чанарын үнэлгээ ба хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо.
Энэ удаагийн хурал нь хууль сахиулах байгууллагын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, цагдаагийн сургалтын чанар, чадамжид суурилсан үнэлгээ, дижитал технологийн хэрэглээ, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр туршлага солилцох зэрэг чухал ач холбогдолтой болж байна.

Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргүүд кибер халдлага, цахим залилан, шинэ технологид суурилан улам нарийн шинжтэй болж байна. Ийм нөхцөлд цагдаагийн алба хаагчдыг зөвхөн мэдлэгтэй төдийгүй ёс зүйтэй, хүний эрхийг дээдэлсэн, технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн ажиллах, шинэ нөхцөлд зөв шийдвэр гаргах өндөр ур чадвартай мэргэжилтэн болгон бэлтгэж, төлөвшүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна.

Энэ удаагийн хурлаар цагдаагийн сургалтын чанарын баталгаажуулалт, чадамжид суурилсан үнэлгээ, олон улсын хамтын ажиллагаа, олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагаа, дижитал технологийн хэрэглээ зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа нь цаг үеэ олсон чухал сэдэв, хамгийн оновчтой гарц гаргалгаатай яриа хэлэлцүүлэг болж байна.

Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаас дэвшүүлсэн санал, санаачилга, гаргасан шийдэл бүхэн Азийн улс орнуудын цагдаагийн боловсролын хөгжил, иргэдийн аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Хурлыг зохион байгуулсан Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо, Дотоод хэргийн их сургуулийн хамт олон, илтгэлээ тавьж хэлэлцүүлсэн судлаачид, нийт оролцогчдод ХЗДХ-ийн яамны өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж, хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.






