Нүүр хуудасБусадЯпон улс цацраг идэвхт усыг Номхон далайд асгахаар төлөвлөж байна

Япон улс цацраг идэвхт усыг Номхон далайд асгахаар төлөвлөж байна

Цунамид сүйрсэн Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцаас цуглуулсан цацраг идэвхт усаа Номхон далайд асгахаар төлөвлөж байгааг Япон улсын байгаль орчны сайд өнөөдөр мэдэгджээ.

2011 оны гуравдугаар сард болсон газар хөдлөлт, цунамигаас хойш энэхүү станцын цөмийн түлшийг хөргөх зорилгоор ашигласан усыг Tokyo Electric Power (TEPCO) компани хуримтлуулсаар нэг сая тонн гаруй хэмжээтэй болоод байгаа юм.

Гэвч энэхүү цацраг идэвхт усыг хадгалах савны багтаамж 2022 онд дуусах тооцоотой байна. Үүнээс цааш хортой усыг хаана хадгалах нь Японы засгийн газрын тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа юм.

“Цорын ганц шийдэл нь усыг далайд асгаж, хорыг нь саармагжуулах. Засгийн газрын шийдвэр эцсийнх байх болно. Харин миний бодол ийм байна” гэж байгаль орчны сайд Ёшиаки Харада өнөөдөр Токиод болсон хэвлэлийн хурал дээр ярьжээ.

Одоо Япон улсын засгийн газар экспертүүдийн зөвлөлийн дүгнэлтийг хүлээж байгаа юм. Үүний дараа эцсийн шийдвэрээ гаргана.

Харада сайдын мэдэгдлийн дараа тус улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ёшихиде Суга түүний санааг “зөвхөн хувь хүний үзэл бодол” гэж тодорхойлсон байна.

Хэрвээ Япон улс цацраг идэвхт усыг далайд асгах шийдвэр гаргавал Өмнөд Солонгос зэрэг хөрш орнуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарахаар байгаа. Өнгөрсөн сард тус улсын засгийн газар Сөүл дэх Японы элчин сайдын яаманд Фүкүшимагийн усны асуудлыг хэрхэн шийдэх гэж байгаагаа тайлбарлахыг шаардаж байв.

Мөн орон нутгийн загасчид усыг далайд асгахыг эсэргүүцэж байгаа. Далайд ойрхон оршдог цөмийн цахилгаан станцууд тритий хэмээх устөрөгчийн изотоп бүхий усыг харьцангуй аюулгүй гэж үзээд далайд асгадаг. Харин Фүкүшимагийн усанд тритийгээс гадна өөр хортой бодис агуулагдаж байгааг TEPCO өнгөрсөн онд хүлээн зөвшөөрч байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН