-11.9 C
Ulaanbaatar
Дав, 18 10 сар 2021 08:53:12
Нүүр хуудасТэмдэглэлБ.Сэмжид: Бидний хийсэн хувцасыг Монголчууд өдөр тутамдаа өмсөх цаг үе тун удахгүй...

Б.Сэмжид: Бидний хийсэн хувцасыг Монголчууд өдөр тутамдаа өмсөх цаг үе тун удахгүй ирнэ

Өмнөх 7 хоногт Гурван зөв сайтын сэтгүүлч “Эксклюзив” ХХК-ийн захирал Г.Майцэцэгтэй үндэсний үйлдвэрлэлтэй холбоотой сэдвээр ярилцлага хийснийг уншигчид санаж байгаа. Г.Майцэцэг захирлын компанийнхаа талаар ярих бүртээ “нэг хувцасны цаана хэдэн хүний ажил хөдөлмөр шингэж байгааг” байнга онцлон ярьж байсан нь сэтгэлд тод буусан юм. Тиймдээ ч тэр хүмүүсийн нэгтэй уулзах хүсэлтэй байгаагаа дуулгахад өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа Б.Сэмжид хэмээх бүсгүйн утасны дугаарыг өгсөн юм. Ингээд бид хорооллын эцэст байрлах Б.Сэмжидийн гэрийг зорилоо. Б.Сэмжид үйлдвэр лүү бүтээгдэхүүнээ нийлүүлчихээд ирсэн тул бид 20 цагийн үед уулзалдав. “Надтай хамт ажилладаг хоёр эгч маань төрсөн. Нялх хүүхэдтэй болохоор бид одоохондоо гэртээ үйлдвэрлэлээ явуулж байгаа” хэмээн Сэмжид товч тайлбар хийгээд биднийг дагуулан гэртээ орсон юм.  Гал түлсэн дулаахан дунд зэргийн байшинд ороход Сэмжидийн гэрийнхэн ид ажлаа хийгээд сууж байлаа.

Өдгөө 25 настай энэ бүсгүй өөрийн төрсөн эгч А.Доржпагма, хүргэн ах Б.Гарвуу-Үүнээвий, эгчийнх нь хадам ээж Д.Цэцэгээ, худ Б.Бадамгарав, дүү Ч.Бямбасүрэн  нартай хамтран дээлний зах хийдэг.  Манай уншигчид болон “Эксклюзив” брэндийн үнэнч хэрэглэгчид энэ захыг сайн мэднэ. Exclusive  брэндийн онцлог болсон Монгол захыг үйлдвэрлээд 6-7 сар болжээ.

Б.Сэмжид өмнө нь оёдолчноор ажиллаж байсан туршлагатай.  Энэ ажлынхаа шугамаар  “Бид Монголдоо үйлдвэрлэв” төрийн бус байгууллага дээр явж байгаад Г.Майцэцэг эгчтэй таарч танилцжээ. Ингээд компанийн ажилчидтай нийлж зах хийж эхэлсэн байна. Яваандаа ажилдаа гаршиж гэртээ хийж болох юм гэсэн санаа төрж үүнийгээ захиралдаа хэлтэл дуртай дэмжсэн байна. Ингэж Б.Сэмжид компанийн албан ёсны захиалгыг авч гэртээ зах хийх ажлаа эхлүүлснээр энэ гэр бүлийн 5 хүн ажлын байраар хангагджээ.

Эдгээр хүмүүс тус тусдаа хариуцаж авсан ажилтай. Б.Сэмжид өөрөө оёдлоо хариуцдаг. Машинаар оёх бүх төрлийн ажлыг Сэмжид гардан гүйцэтгэдэг.

Харин Д.Цэцгээ эгч нь индүүднэ. Захыг нь наана. Үндсэн ажилчдаас гадна туслахууд олонтой. Сэмжидийн дүү нар болох 5 дугаар ангийн сурагч А.Номуунаа,  Э.Жигжидсүрэн хоёр товч шилбийг нь зангидаж өгнө.

Харин эгч А.Бадамгарав  нь зангидсан товч шилбийг захан дээр нааж оёх ажлыг гүйцэтгэдэг. Хамгийн гоё цэвэрхэн оёдолтой болохоор энэ ажилд томилогджээ. Харин Б.Сэмжидийн төрсөн эгч А.Доржпагма өөрийн нөхрийн хамтаар үлдсэн оёдлыг хийж гүйцэтгэдэг байна.

        Эгч А.Бадамгарав                                                              Эгч А.Доржпагма

Энэ мэтээр зах хийх ажилд гар бие оролцохгүй хүн гэж ховор. Оюутан сурагч, цэцэрлэгийн хүүхдүүд нь хүртэл хичээл сургуулийнхаа хажуугаар туслаж утас зүүг нь сүвлэх, товч шилбийг нь багцлан боох зэрэг жижиг сажиг ажилд оролцож тусалдаг байна. Энэ мэтээр нэгэн гэр бүлийн гишүүн бүрийн сэтгэл зүрх шингэсэн дээлний зах бүтдэг байна.

Б.Сэмжид: “Анх эхэлж байхдаа сайн хийж чадахгүй гологдол их гаргадаг байлаа. Гологдол гаргаад байхаар ажлаа зогсоочих вий. Бидэнд ажил өгөхөө больчих вий гэж их эмээдэг байлаа. Гэтэл Майцэцэг эгч тэгээгүй. Харин ч бүр зоригжуулж зааж сургасан. Буруутгаж зэмлэхээсээ илүүтэй “үүнийгээ засаарай”, “чанараа сайжруулаарай” “хичээгээрэй” гээд улам бүр л урамшуулдаг байлаа. Тэр бүхнээс нь улам их хүч итгэл зориг авсандаа. Маяа эгч хэлдэг юм. Хүн хийж байж сурдаг  гэж. Exclusive брэндийн ажилчдын ихэнх нь залуучууд шүү дээ.  Үйлдвэр дээр нь очоод харахад дандаа л залуучуудтайгаа ярилцаж зааж сургаж чиглүүлж байгаа харагддаг. Залуучууд та нар Монголын ирээдүй. Та нар л хийх ёстой гэж дандаа урамшуулдаг. Энэ их итгэл зоригоор урагшилж яваа над шиг олон залуучууд байгаа. Тэр их итгэлийг нь алдахгүйн тулд бид улам бүр хичээхээс өөр аргагүй” хэмээн Б.Сэмжид бидэнд ярьлаа.

Тэдний ажил өглөө 10-11 цагийн үед эхэлнэ. Ажлынхаа хажуугаар ар гэрийн амьдралаа зохицуулна. Цагт баригдаад байдаггүй, гэртээ хийж байгаа учраас арагшаа санаа зовж яарах зүйлгүй тайван сууцгаадаг учраас өдрийн нормоо ядах юмгүй биелүүлнэ. Нэг өдөрт хийсэн бүтээгдэхүүнээ Б.Сэмжид аваад 16 цагийн үед үйлдвэртээ хүргэж өгч нийлүүлнэ. Ингээд шинэ захиалгаа авчирна.

Б.Сэмжид цаашдаа гэрээр хийх биш үйлдвэрлэлийн жижиг цехтэй болох хүсэлтэй. Мөн өөрийн гэсэн хувцасны салонтой болж дизайнер болох зорилго тавьжээ. Тиймдээ ч сурах зүйл их байгаа хэмээн хэлсэн. Үүнийг нь ч компанийн зүгээс дэмжиж 100 хувь гараар оёдог хоёр талаараа өмсдөг Кашмер пальто оёх сургалтад Сэмжидийг суулгаж зааж сургажээ. Харин одоо пальто оёх аргаа гэрийнхэндээ зааж өгөх даалгавар авсан байна. Энэ мэтээр үйлдвэрлэл нь улам бүр өргөжнө гэдэгт Б.Сэмжид болон түүний гэр бүлийнхэн бүрэн итгэлтэй байдаг. . “Еxclusive” брэндийн зорилго нь хувцасаа өдөр тутмын хэрэглээ болгох. Хүн өдөр бүр хувцас өмсдөг. Хувцас өмсөж байгаа хүн бүрийн хэрэглээг хангах нь манай компанийн зорилго. Өнөөдөр бидний хийж байгаа зах бүх загварын хувцсан дээр зохицно. Хүн хувцас өмсөж байгаа цагт бид үйлдвэрлэлээ явуулсаар л байх болно” хэмээн тэд итгэл төгс ярьж байлаа.

Үнэхээр ч тийм юм. Монголчууд Монгол хүний гараар хийсэн хувцсыг өдөр тутамдаа өмсөж эдэлж хэрэглэх тэр цаг ойрхон гэдэгт эргэлзэх юун.

Үйлчин бүсгүйчүүд бидэнд өөрсдийн хийж байгаа ажлаа ам уралдан ярих нь ажилдаа хичнээн дуртай сонирхолтой байгааг илтгэнэ. Бидэнд ажлаа ярих зуураа гар нь хөдөлсөөр өнөөх захаа үйлдвэрлэсээр л.

Гэрийн хойморт мөнгөний гахайг эгнүүлэн өржээ. Гахай бүр эзэнтэй.  Товч шилбэ зангиддаг А.Номуунаа, Э.Жигжидсүрэн нар цалинтай ажилдаг. Авсан цалингаа гахайндаа хийж мөнгөө цуглуулдаг ажээ.

 

 

Хоёр охин 1 товчийг 100 төгрөгөөр зангидна. Өдөрт 100 ширхэг товч зангидаад мөнгөө хувааж авдаг. Өдөртөө нэг нь хамгийн багадаа 5000 мянган төгрөгний орлоготой. А.Номуунаа мөнгөө цуглуулж байгаад ирэх зун дугуй авч унахаар төлөвлөж байгаа бол Э.Жигжидсүрэн мөнгөөрөө Монгол цамц, түрийтэй гутал авч өмсөхөөр цааш нь хийжээ.

“Хүүхдүүд өөрсдийнхөө хөдөлмөрөөр олсон мөнгөндөө маш арвич хямгач ханддаг. Элдэв янзын юм нэхэхгүй. Өөрсдөө цалингаа авахаараа авчихна гэдэг болсон. Сургуульдаа явахдаа хоолныхоо мөнгийг өөрсдөө зохицуулдаг” гэж байлаа.

Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг гэдэг энэ дээ. Гар утас интернет гэж элдэв зүйлд сатаарч цагаа дэмий үрэхгүй гараа хөдөлгөж ажил хийж сурч байна. Дээрээс нь Монгол үндэсний хувцасныхаа нэг хэсгийг ч болтугай төгс хийх чадвартай болж байна гэдэг энэ гэрт маш том амьдрах ухааны хичээл давхар явагдаж байгаагийн илэрхийлэл юм.

Нөгөө талаас  амьдралын маш том баталгаа, санхүүгийн боломжийг тэд гэр бүлээрээ бий болгож чаджээ. Тодорхой хэлбэл өдөрт дунджаар 100 хос зах гаргаад 300 мянган төгрөг авдаг байна. Энэ мөнгөнийхөө 100 мянгыг нь хүүхдүүдийн ажлын хөлс болон гэр бүл, ажлын бусад зардалд зарцуулдаг. Харин үлдсэнийг нь үндсэн 5 ажилтан өдөр өдрөөрөө ээлжлэн авдаг гэнэ. Ингэхээр нэг хүн сардаа 1 сая 200 мянгаас нэг сая 600 мянган төгрөгийн цалин авдаг гэсэн үг.

Энэ бол Монголд өндөр орлоготой байж сайхан амьдарч болдогын нэг тодорхой жишээ.  Өдөр бүр орлоготой байдаг учраас хуримтлал үүсгэхээр шийдэж дансаа ч нээлгэжээ. Тиймээс удахгүй гэр бүлээрээ гадагшаа аялах төлөвлөгөө ч боловсруулаад байгаа гэнэ.

Эд нар дундаа хамгийн ахмад нь Д.Цэцгээ. Өнгөрсөн жил тэтгэвэртээ суусан ч энэ ажилд оролцоод уйдах ч завгүй, ядрах ч завгүй амьдарч байна гэж хуучиллаа. “Манайхан чинь их хөгжилтэй. Элдэв юм хамж яриад инээж хөхөрч ажилсаар байгаад л өдрийг өнгөрөөдөг. Ёстой сайхан байна. Сэмжид манай бэрийн төрсөн дүү. Ухаантай хөдөлмөрч. Хамгийн гол нь хүнээс үг сонсож сурсан. Би чинь заримдаа загнана, хэлж зөвлөнө. Өөрийн төрсөн охин шигээ санадаг даа” хэмээсэн юм.

Гэр бүлээрээ үйлдвэрлэл эрхэлж эхэлснээс хойш гэр бүлийн уур амьсгал маш эерэг найрсаг, эв найрамдалтай болсон гэдгийг тэд бүгд хэлж байна. Ийм байхаас ч аргагүй. Эцсийн бүтээгдэхүүн болох шат дамжлага бүр дээр ажиллаж байгаа хүн бүрийн үүрэг оролцоо чухал учраас нэгдэж нэг баг болж байж гараас юм гарна.

Хүн бүр өөр өөрсдийн хариуцаж авсан ажилдаа гаршсан. Энэ дамжлагыг солих юм уу эсвэл нэг нь гараад явчихлаар ажил удаашраад ирдэг гэнэ.

“Анх эхэлж байхдаа өдөрт 50-60 зах хийх гэж хонодог байлаа. Ядраад шантраад больдог ч юм билүү гээд бодож байсан үе бий. Гэхдээ хүн ажлынхаа хөлсийг аваад хөдөлмөрөө үнэлүүлээд ирэхээр маш их урам авдаг юм байна. Одоо энэ ажилдаа маш их дуртай. Анх 50,60 хос зах хийх гэж хонож байснаа бодохоор инээд хүрдэг юм. Одоо бол 100 байтугай л өдөрт нь хийнэ.  Ажилдаа дасах гарших гэж сайхан юм” гэж тэд ярьж байлаа.

Уг нь Б.Сэмжидийн эгч А.Доржпагма, Б.Бадамгарав хоёр цэцэрлэгийн багш нар. Хоёулаа амаржаад чөлөөтэй байх хугацаандаа дүүгийнхээ ажилд эргэлт буцалтгүйгээр оржээ. Үйлдвэрлэлээ өргөжүүлээд цехтэй болчихвол эндээ үргэлжлүүлээд ажиллана хэмээж байлаа.

“Хүн хэр их хөдөлмөрлөж чадна. Түүнийхээ хэрээр ашиг шимийг нь хүртдэг.  Заавал гадагшаа явж ажил хийгээд, гаднын үнэтэй брэнд хувцас өмсөж олсон хэдэн төгрөгөө зарлагадаад байх шаардлага огт алга.

Монголчууд үйлдвэрлэж байна. Өндөр орлоготой ажиллаж чадаж байна. Сайхан амьдрах урам зориг итгэл найдвараар дүүрэн байна. Энэ бүхэн энэ гэр бүлийн хүн бүрээс, хэлж ярьж байгаа үг бүрээс мэдрэгдэнэ.

“Нэг цамц хийхэд тэр цамцны зөвхөн нэг захыг нь хийх гэж хэдэн хүн ажиллаж байгааг та нар харж байна. Бид нараас гадна үйлдвэр дээр эсгүүр хийж байгаа, индүүдэж байгаа оёж байгаа гээд олон хүн байгаа. Энэ мэтээр олон хүний хүч хөдөлмөр шингэсэн тэр дундаа Монгол хүмүүс өөрсдийн гараар хийж байгаа энэ хувцсаа л Монголчууд маань авч өмсөөсэй. Монголчууд маань үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, үндэсний үйлдвэрлэл нь биднийг дэмжиж бид ингэж хамтдаа хөгжих боломжтой юм шүү” гэдгийг Б.Сэмжид яриандаа онцлон хэлж байлаа.  Үүнийг би ч гэсэн онцлон уншигчид даа хүргэмээр санагдаж байна.

“Нэг өдөр сунаж ажлаад маш их ядарчихсан ажил авах гээд очтол Маяа эгч ажил өгөхгүй гэдэг юм байна. Яагаад ажил өгөхгүй гэж байгаа юм бэ хэмээн гайхахад -залуу хүмүүс та нар мөнгөний төлөө ингэж улайрч ажиллаж байгаад ажилдаа дургүй болоод шантраад явчихвал яах юм. Амар ч байгаад ир- гэж билээ. Ийм хүн ховор шүү. Би ажлаа хийлгэж л байвал тэр хүний юу бодож байгаа, юу хүсэж сонирхож байгаа, тэр ажилдаа дуртай дургүй байх огт хамаагүй гэсэн бодолтой олон хүн байгаа шүү дээ. “Exclusive”  брэндийг үүсгэн байгуулж энэ олон хүнийг ажилтай орлоготой байх нөхцөл бололцоог олгож хамгийн гол нь маш их итгэл найдвар хүлээлгэж байгаа Г.Майцэцэг эгч Л.Баясгалан ах хоёртоо хамгийн их баярлаж талархаж явдаг даа” хэмээн Б.Сэмжид уламжилсан юм.  “Хэдий нүүрээ харж уулзаагүй ч гэсэн тэр хүмүүст талархаад баршгүй. Бидний хооронд Сэмжид маань гүүр болдог. Манай гэр бүлд хүлээлгэж байгаа тэр их итгэл найдварыг дааж ажлыг нь улам бүр чанартай хийж өгөхийг л бид хүсдэг юм хэмээсэн энэ хүмүүсийн сэтгэл зүтгэл хамгийн үнэн.

                                                   Сүвлэж бэлтгэсэн зүү, утас 

Өөрсдийнх нь оёсон “зах”-тай хувцсыг гадуур хүмүүс өмсөөд явж байгааг хараад баярладаг, оёдлынхоо хаягдлаар дэр хийгээд тавьчихдаг хөдөлмөрч, жижиг гэлтгүй нэг хатгаасаа хүртэл чин сэтгэлээс хатгаж суугаа хичээнгүй нэгэн гэр бүл “ажил мөнгө” бодож бухимдах завгүй халуун дулаан ам бүлээрээ инээд хөөрөнд умбан суугааг харах хичнээн бахархалтай.

Цаг хугацаа хэрхэн өнгөрснийг ч анзаарах сөхөөгүй энэ гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, өрнүүн их хөдөлмөрийн үр дүн, оргилуун их хүсэл зорилгын дунд баярлаж бахархаж сууснаа уншигчидтайгаа хуваалцахад ийм байна.

Жирийн нэгэн Монгол бүсгүйн эхлүүлсэн үйлс бүтэмжтэй байж түүний урласан бүтээл Монгол хүн бүрийн гоёл болох болтугай.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН