Соёлын сайд Ч.Номин:“Каннын фестиваль, цаашлаад дүрслэх урлагийн салбарт томоохон зэрэгт ордог Венецийн Биеннальд орох шийдвэрийг гаргалаа. Ингэснээр дүрслэх урлаг болон кино урлагийн салбарынхан дэлхийн хэмжээний томоохон наадмуудад Соёлын яамны дэмжлэгтэйгээр оролцох боломжтой боллоо.
Соёлын яамны гол чиг үүргийн нэг нь Монгол Улсыг олон улсад эергээр сурталчлах явдал юм. Жуулчин татах тал дээр түлхүү хамтарч ажиллана.
Иймээс дэлхийн хэмжээний томоохон наадмуудад соёлын бүтээгдэхүүнийг таниулах нь чухал байна. Венецийн Биенналийн үеэр улс төр, урлагийн төлөөлөл, 8,000 гаруй хэвлэл мэдээллийн салбарынхан ирдэг. Тиймээс урлагийн бүтээлээр дамжуулан улсаа таниулах боломж бүрдэж байгаа. Бүтээлийн үнэлэмжийг дэлхийд өсгөхөд чухал үүрэгтэй.
Манай улс Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталсан. Ингэснээр дэлхийн томоохон хэмжээний киног эх орондоо бүтээх боломжийг бий болгож байгаа. Томоохон продюссеруудыг Монголд авчирч уран бүтээл хийх боломжийг танилцуулна. Холливүүдийн дөрвөн кино продакшнуудтай хамтарч ажиллах суурь тавигдсан. Зургаадугаар сард эхний кино нь орж ирж зураг авалтаа хийхээр төлөвлөсөн” гэлээ.
Монгол Улсын дүрслэх урлаг болон кино урлагийн уран бүтээлчдийн оюуны бүтээлийг олон улсад таниулан сурталчлах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Итали улсад зохион байгуулагддаг Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь, Бүгд Найрамдах Франц улсад зохион байгуулагддаг Каннын кино наадамд тус тус оролцох нь зүйтэй гэж үзлээ.
Зохион байгуулалтын үйл ажиллагаанд шаардагдах зардлыг 2022 оны Соёлын сайдын төсвийн багцаас, 2023 оноос улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын хандив тусламжид хамруулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар санхүүжүүлэх арга хэмжээ авч, зохион байгуулалт, мэргэжлийн өндөр түвшинд оролцож, үр дүнг Засгийн газарт танилцуулж байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг олон улсын энэхүү биеннальд манай улсаас 2015, 2017, 2019 онд оролцож байсан бөгөөд холбогдох төрийн бус байгууллага нь оролцох эрх, санхүүжилтийг хувийн хэвшил, олон улсын байгууллага болон бусад хандивын эх үүсвэрээс бүрдүүлэн, зохион байгуулж иржээ.
Каннын кино наадамд монгол уран бүтээлчдийн кино 2017, 2021 онд тус тус шалгаран оролцож байжээ.