Нүүр хуудасМэдээАТГ: Авлигын гэмт хэрэгт шалгагдаж байгаа Т.Бадамжунайг эх оронд нь эргүүлэн авчрав

АТГ: Авлигын гэмт хэрэгт шалгагдаж байгаа Т.Бадамжунайг эх оронд нь эргүүлэн авчрав

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг явуулж байгаа. “Шувуу” ажиллагааны хүрээнд АТГ-ын мөрдөгчид УИХ-ын гишүүн, сайд асан Т.Бадамжунайг 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатарт авч ирлээ.

АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа, тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар М.Даваатогтох нар “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд сэтгүүлчдийн асуултад хариулав.

З.Дашдаваа: Авлигатай тэмцэх ажилд иргэд, олон нийтийн дэмжлэг, мөн төр, засгийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа бодитой байгаа

-Т.Бадамжунайг яг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа вэ?

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна.

-Түүнд холбогдох хэргийг хэзээнээс эхлэн шалгаж байна вэ?

-Өмнө нь хэрэг бүртгэлтийн хэрэг шалгагдаж байсан. Одоо яллагдагчаар татагдаж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байна.

-Таслан сэргийлэх арга хэмжээ авсан уу? Цаашид ямар төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авах вэ?

-Одоо ажиллагаа эхэлнэ. Өнөөдрөөс сэжигтнээр баривчилж байна, шүүхэд хандаад шүүх шийдвэрлэсэн байна. Цаашид процессийн ажиллагаанууд хуулийн дагуу шат шатандаа хийгдээд явна.

-Яг ямар яриа хэлэлцээ хийсэн бэ?

-Бид хууль сахиулах байгууллагын хэмжээнд болон гаднын орноос эргүүлэн авах талаар нэлээд ажиллагаанууд хийсэн. Авлигын эсрэг конвенцид нэгдсэн. Манай улс 20 орчим улстай эрх зүйн харилцан үзүүлэх гэрээтэй. Гэрээтэй орнуудаар бол шууд шилжүүлэн авах боломжтой. Конвенцийн хүрээнд харилцан мэдээлэл солилцож, хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаагаар шилжүүлэн авлаа.

-Авлигын гэмт хэрэгт холбогдсон хүнийг шилжүүлэн авчирч байгаа нь АТГ-ын анхны тохиолдол уу?

-Анхных байх аа. УИХ-аас авлигатай тэмцэх хууль тогтоомжийг сайжруулж, Засгийн газар “5Ш” ажиллагааг эхлүүлж, “Шувуу” ажиллагааны хүрээнд төр, засгаас авлигатай тэмцэх байгууллагад дэмжлэг үзүүлж байгаа. Иргэд, олон нийт маш их дэмжиж байгаа. Үүнд манай байгууллага, залуучууд баяртай байгаа. Мөн “5Ш” ажиллагааны хүрээнд Засгийн газрын агентлагууд тодорхой ажлуудыг хийж байна. Иргэд, олон нийтэд зарим шалгагдаж байгаа хэргийн талаар болон хэрэгт шалгагдаж байгаад оргон зайлсан этгээдүүдэд анхааруулга, сэрэмжлүүлэг хүргүүлж байгаа. Тухайлбал, иргэний бүртгэлийн байгууллагаас бичиг баримтыг хүчингүй болгох, банк санхүүгийн үйл ажиллагааг царцаах, үл хөдлөх хөрөнгийн шилжилтийг хязгаарлах гэх мэтээр ажиллаж байгаа. Зарим оргон зайлсан хүмүүс эргэж ирэхээ илэрхийлж байгаа. Тэгэхээр авлигатай тэмцэх ажилд иргэд, олон нийтийн дэмжлэг, мөн төр, засгийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа бодитой байгаа гэж АТГ-ын даргын хувиар хэлье.

-Дараагийн авчрах хүн хэн бэ?

-20-иод хүний нэр байгаа. Энэ жилийг “Авлигатай тэмцэх жил” гэж зарласан байгаа тул бидний зүгээс их, бага гэлгүйгээр хэргүүдээ шалгаад, шүүхээр шийдвэрлүүлэх болно.

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан хүмүүст холбогдох хэргийг шалгах явц удаашралтай, саадтай байгаа. Олон жилээр үргэлжилж байгаа энэ хэргүүдийг яах вэ?

-Олон жилээр үргэлжилж байгаа нь үнэн. Иргэний гэм бурууг зөвхөн шүүх шийдвэрлэнэ. Мөрдөн шалгах байгууллага нь прокурорын хяналтан дор үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр шүүхээр эрэн сурвалжлах шийдвэр гаргасны дараа эрэн сурвалжлах ажиллагаа явагддаг.

-Т.Бадамжунай 2018 онд гарч явахад нь АТГ мэдээгүй байсан юм уу?

-2018 онд түүнийг шалгаж эхлээгүй байсан.

-“Twin tower”-т хахууль авсан гэж яригддаг. Энэ талаар хэлж болох уу?

-Тодорхой мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой асуудлаар тайлбар хэлэх боломжгүй.

-Н.Удаанжаргалыг авчрах ажил ямар шатандаа байна вэ?

-Бид хөөцөлдөж байгаа. Тодорхой үр дүн гарах байх. Тал талаасаа хөөцөлдөж байгаа болохоор бүтэх байх.

М.Даваатогтох: Т.Бадамжунайг Филиппин улсын цагаачлалын товчооны гүйцэтгэх албатай хамтарч Монголд авчрах ажлыг зохион байгууллаа

-Т.Бадамжунайг шилжүүлэн авчрах ажиллагаанд АТГ оролцсон уу?

-АТГ оролцсон. Энэ жилийг Засгийн газар “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан. “5Ш” ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа “Шувуу” ажиллагааны аргачлалын талаар би товчхон мэдээлэл өгье.

Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх Палермогийн конвенц зэрэгт нэгдэн орсон орнууд мөрдөн шалгах, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр бусад орондоо дэмжлэг үзүүлэх, нягт хамтран ажиллах үүрэгтэй. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид одоогоор 189 орон нэгдэн орсон. Палермогийн конвенид 191 орон нэгдэн орсон. Энэ хэмжээний улс орнуудтай бид эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээгүйгээр харилцах боломжтой гэсэн үг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний хүрээнд хийгдсэн ажиллагааг нотлох баримтын хэмжээнд үнэлэхээр зохицуулагдсан байгаа.

Нөгөө талаар эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээг Засгийн газраас санаачилж, тодорхой нэр бүхий улс орнуудтай хийгээд нэмэгдүүлээд явж байгаа юм билээ. Энэ нь нэг өргөн боломж. Мөн оргон зайлсан этгээдүүдийн паспортыг хүчингүй болгох байдлаар тухайн этгээдийг бусад улс орон руу дамжин өнгөрүүлэх хөдөлгөөнийг хаах, дамжин өнгөрсөн тохиолдолд саатуулах зэргээр захиргааны шугамаар хэрэгжүүлэх боломж бас бүрдэж байгаа. Түүнчлэн Цагаачлалын байгууллагуудтай хамтран ажиллах боломж бий. Т.Бадамжунайг бид Филиппин улсын цагаачлалын товчооны гүйцэтгэх албатай хамтарч Монголд авчрах ажлыг зохион байгууллаа.

-Тэгэхээр Т.Бадамжунай цагаачлал хүсээд явсан гэсэн үг үү?

-Цагаачлалын буюу immigration status зөрчигдсөн гэдэг үндэслэлээр Филиппин улсын цагаачлалын тусгай алба саатуулж, Монгол Улсад буцаан өгсөн.

-Хүний эрхийг зөрчихгүй байх талаас яаж ажилласан бэ?

-Та их чухал асуулт асуулаа. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1948 онд Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан. Энэ баримт бичгийн хүрээнд хэдийгээр гэмт хэрэгт сэрдэгдсэн ч Монгол Улсын иргэн учраас хүний эрхийг хангах хүрээнд шилжүүлэн авах ажиллагаанд өмгөөлөгч оролцуулсан. Филиппин улсын цагаачлалын хууль тогтоомжийг зөрчсөн тул энэ хүн тухайн улсад олон сараар баривчлагдах бодитой эрсдэл байсан. Энэ эрсдэлийг албаны хүмүүс газар дээр нь хэлэлцэн зохицуулж, Монгол Улсын иргэнээ улс оронд нь буцаан авчирсныг энд заавал хэлэх ёстой.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН